Замын-Үүд боомтоор 10 секунд тутамд нэг зорчигч нэвтэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-19 11:51:22

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Замын-Үүд-Эрээний боомтоор 2023 онд нэг өдөрт дунджаар 8.870 иргэн зорчжээ.


Энэ нь Монгол, Хятадын хамгийн том боомтоор 10 секунд тутамд нэг зорчигч нэвтэрч түүхэн дээд түвшинд хүрч байгаа үзүүлэлт юм.


Замын-Үүд-Эрээний боомтоор зорчих иргэдийн тоо он гарснаас хойш эрс нэмэгдэж энэ оны эхний 11 сарын байдлаар 1.33 сая хүн тус боомтоор хоёр улсын хооронд зорчсон байна. Мөн энэ хугацаанд 169 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.


Замын-Үүд автозамын хилийн боомтын ачаа тээврийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг энэ сарын 16-наас эхлүүлээд байгаа. Цаашид туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг нь 24 цагаар үйл ажиллагаагаа явуулах юм. Мөн зорчигч тээврийн хил нэвтрэх хугацааг уртасгах чиглэлээр БНХАУ-тай санал солилцож байгааг ЗТХЯ мэдээллээ. 

相关新闻