Энэ онд 200 гаруй автобусны дулаан гарааш ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-19 17:10:14

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа орчмын 9.8 га газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн авто бааз байгуулж буй. Мөн Сонгинохайрхан дүүргийн  22 дугаар хороо, Тахилт орчимд байгуулж буй “Зорчигч тээвэр гурав” авто баазын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар бүтээн байгуулалтуудын явцтай танилцжээ.


Морингийн даваанд байгуулж буй авто баазын бүтээн байгуулалтын хүрээнд автобусны дулаан зогсоол, авто угаалга, засварын төв, гадна засварын байгууламж, агуулах, уурын зуух, төрийн үйлчилгээний төв, удирдлагын нэгдсэн төвийг барихаар төлөвлөсөн байна. Барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд энэ онд багтаан дуусгах аж. Энэхүү бүтээн байгуулалт дууссанаар 110 автобус дулаан гараашт байрлах боломжтой болно. Үүнээс гадна Тахилтад барьж буй 110 автобусны багтаамжтай дулаан гараашийн 50 хувийг нь ашиглалтад оруулна. Ингэснээр энэ онд 55 автобусыг дулаан зогсоолд байрлуулах нөхцөл бүрдэх юм байна.


“Зорчигч тээвэр гурав” автобус баазын хувьд 170 тээврийн хэрэгсэлтэй бөгөөд үүний ердөө 50 хувь нь дулаан зогсоолд, үлдсэнийг нь гадаа байрлуулдаг байна. Стандартад нийцсэн дулаан гарааш, авто баазууд ашиглалтад орсноор ажилчдын ажиллах нөхцөл сайжрахаас автобуснууд иргэдэд үйлчлэхдээ дулаан зогсоолоос гарах зэрэг ач холбогдолтойг тус баазын дарга онцолсон байна. 



相关新闻