“Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол" үзэсгэлэнг нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярыг тохиолдуулан “Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” тулгар сурвалж бичиг, ном судар, гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 21-нд Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд нээнэ.
Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний номын сангаас Залуу монголч судлаачдын Эрдмийн хэлхээ нийгэмлэг, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран зохион байгуулах юм.
Харь гүрний 200 гаруй жилийн ноёрхол эрхшээлийг эцэс болгон үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, өргөн олон, дэлхий дахинаа тунхаглан зарласан 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нь билгийн тооллын өвлийн дунд сарын шинийн 9-ний бэлгэт сайн өдөр байсан бөгөөд өнөө жилийн өвлийн дунд сарын шинийн 9-ний өдөр 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тохиож буй юм.
Эл өдрийг тохиолдуулан Монголын цагаагчин гахай жилийн хувьсгалын манлайлагч зүтгэлтнүүд болох Богд хаан, алтан ургийн язгууртнууд, ноёд түшмэд, шашин төрийн мэргэдийн түүхэн гэрэл зураг хийгээд Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Олноо өргөгдсөн Монгол Улсын түүхэнд холбогдох тулгар сурвалж бичиг, ном судрыг дэлгэх юм.