Оны онцлох ААН-үүдийг шалгаруулдаг “Entrepreneur-2023” эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Оны
онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Entrepreneur-2023”
шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа МҮХАҮТ-ын Их танхимд эхэллээ.
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Монгол
Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй оны онцлох аж
ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг жил бүр, шинэ оны босгон дээр шалгаруулан
өргөмжилдөг. Бизнесийнхний
их цэнгүүн, шалгаруулалт 26 дахь жилдээ болж байна.
Энэхүү үйл ажиллагааны гол
зорилго нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн, дэмжин
урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулахад оршдог хэмээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин онцолж байна.
“Entrepreneur” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг:
- Оны хөрөнгө оруулагч энтрепренер,
- Үндэсний үйлдвэрлэгч энтрепренер
- Бүтээн байгуулагч энтрепренер
- Экспортлогч энтрепренер
- Импортлогч энтрепренер
- Сайн засаглалыг хэрэгжүүлэгч энтрепренер
- Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч энтрепренер
- Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч энтрепренер
- Инновац нэвтрүүлэгч энтрепренер
- Жижиг дунд бизнес эрхлэгч энтрепренер
- Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч энтрепренер гэсэн номинац, үзүүлэлтээр шалгаруулж, Гран при шагналын эзнийг тодруулдаг.
Энэ оны Онцлох ААН-үүдийн Гран при буюу Алтан меркури шагналыг "Ханбогд кашимер" компани хүртлээ.