ЗТХЯ: Авто зам тавихад ашиглах элс, хайрга дайргын үнийг бууруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-25 10:41:01

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Авто замын засвар, арчлалт (АЗЗА)-ын компаниудад зам тавих, засвар арчлалт хийхэд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын үнийг 5000 дахин бууруулж буй талаар ЗТХЯ-наас мэдээллээ.

Тодруулбал, улсын төсвөөр авто зам тавихад ашиглах элс, хайрга дайргын үнийг хямдруулж, нэг шоо метрийн үнийг 1 төгрөг болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн намар авто замчидтай “Өглөөний уулзалт” хийх үед замчид түгээмэл тархацтай ашигт малтмалын үнийг бууруулах хүсэлт тавьж байсан юм. Ингэхгүй бол авто замын бүтээн байгуулалт, засвар арчлалт удааширч, эдийн засаг санхүүгийн хувьд ихээхэн хүндрэл учруулж байгааг хэлсэн юм.

Тэгвэл Засгийн газар болон Ерөнхий сайд амлалтдаа хүрч замын болон АЗЗА компаниуд улсын төсвөөр зам барих, засвар арчлалт хийхэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын үнийг ийнхүү 5000 дахин буурууллаа.


Тухайлбал Засгийн газрын тогтоолоор “Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, ээлжит засвар, арчлалтын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг нэг шоо метр нь 1 төгрөг байна” гэж холбогдох журамд өөрчлөлт оруулахаар боллоо.

Харин энэ хөнгөлөлт нь концессын болон тусгай зориулалтын авто зам барихад хамаарахгүй аж. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалыг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгоод байна.

相关新闻