Эрчим хүчний хязгаарлалт өвлийг дуустал үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-25 14:39:26

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын хэмжээнд өдөр бүр эрчим хүчийг хязгаарлаж байгаа нь иргэдийг бухимдуулах болсон. Тэгвэл энэ талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн Дистпетчерийн албаны ахлах мэргэжилтэн Н.Гантулга мэдээлэл өгөв.


Тэрбээр “Монгол Улсын ОХУ-аас авдаг эрчим хүч 310 мВт байдаг. Энэ өвөл их хүйтэрч байгаагаас эрчим хүчний хэрэглээ импортоор авч буйгаас давж буй учраас хязгаарлалт хийж байна. Энэ өвлийн ачааллыг давтал одоогийнх шиг нөхцөл байдалтай байх болов уу. Эрчим хүчний ачаалал харилцан адилгүй байгаа учраас хаана, хэдэн цагт хязгаарлалт хийхийг урьдчилан мэдэгдэх боломжгүй. Гэхдээ нэг удаагийн хязгаарлалтаар хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг нэг цагаас дээш хугацаагаар хязгаарлахгүй байхыг хичээж байна.

Хязгаарлалттай холбоотойгоор 7004-7004 утсанд өдөрт 2-3 мянган хэрэглэгч хандаж мэдээлэл авч, гомдол гаргаж байгаа. Хязгаарлалтын хүрээнд нэгдүгээр зэргийн хэрэглэгчид буюу төрийн үйлчилгээ эрхлэгчид, гуравдугаар зэргийн хэрэглэгч буюу гэр хорооллын хэрэглэгчдийн тогийг хязгаарлахгүйг хичээж байна” гэв.


Эрчим хүчний системийн оргил ачаалал өчигдөр 1632 мВт хүрсэн нь өмнөх жилийнхээс 220 мВт-аар өссөн дүн юм. Энэхүү хэрэглээний өсөлт нь манай улсын дулааны гуравдугаар цахилгаан станцын цахилгааны үйлдвэрлэлээс 20 гаруй хувиар давсан үзүүлэлт. Эрчим хүчээр бүрэн хангаж чадахгүй нөхцөл үүсэхэд эрчим хүчний системийг бүхэлд нь унагахаас сэргийлэн хязгаарлалт хийж байгааг хэллээ.


Тиймээс хэрэглэгчдийг нөхцөл байдлыг ойлгож, оройн 17-22 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгаж, өвлийн оргил ачааллыг давахад дэмжлэг үзүүлэхийг уриалав.  


Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 24-нд Эрчим хүчний системийн өдрийн оргил ачаалал 12:00 цагт 1540 мВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 182 мВт-аар, импорт 65 мВт-аар өссөн байна.


Өнөөдөр дараахь байршлуудад 17:00-18:30 цагийн хооронд цахилгаан хязгаарлана. 



相关新闻