Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-25 15:16:39

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уг хурлаар хэлэлцсэн асуудлуудыг багцлан хүргэе.


Шинэ жилийн худалдааг 12 байршилд, гэрлэн чимэглэлийг 17 гудамжинд хийжээ

Нийслэлийн есөн дүүргийн удирдлагууд өөрсдийн нутаг дэвсгэртээ шинэ жилийг угтсан гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн ажлаа энэ долоо хоногт дуусгах аж. Энэ хүрээнд шинэ жилийн худалдааг 12, мөсөн гулгуурын талбайг есөн байршилд, гэрлэн чимэглэлийг 17 гудамжинд хийж байгаа юм. Сүхбаатарын талбай болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт 97 хувьтай байна.


Эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна

Томуу, томуу төст өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 21:00, бямба гарагт 12:00-18:00 цагийн хооронд, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-15:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж байна.


6.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалав

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд ийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 95, аврах ажиллагааны долоо, нийт 102 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэжээ. Дээрх хугацаанд гал түймрээс 6.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 160 иргэнийг гаргаж, аврах ажиллагаагаар 12 иргэнийг аварсан байна. Тус хугацаанд есөн иргэн гал түймэрт өртөж харамсалтайгаар амиа алдав. 2023 он гарсаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1634, аврах ажиллагааны 459, нийт 2093 удаагийн удаагийн дуудлага ирсэн нь өнгөрсөн оныхоос 1.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

Дөрвөн дүүргийн 16 байршилд халиа дошин үүссэн. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 8, 23, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийн гурван байршилд халиа дошин үүсэж, 1860 метр суваг шуудуу татаж, 180 тонн мөсийг зөөвөрлөн, 100 шоо метр хайрга, шороо асган, далан босгох ажлыг хийж гүйцэтгэн, 117 айл өрхийг ус, мөсөнд автахаас урьдчилан сэргийлжээ.  


Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл өсжээ

Өнгөрсөн 14 хоногт 15549 дуудлага мэдээлэл бүртгэжээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 13, зөрчлийн 176, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 23 нэгжээр тус бүр өссөн байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар архины хамааралтай, биеэ авч явах чадваргүй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гудамжинд ухаангүй унасан, орон гэргүй тэнэмэл 214 иргэнийг “Дөлгөөн минж”, “Шинэ амьдрал ялагч”, “Тэрэм-Уул”, “Нийгмийн хамгааллын тусгай төв” зэрэг долоон төрийн бус байгууллагад хүргэжээ. Сүүлийн 14 хоногт 47 хүнийг дээрх төрийн бус байгууллагуудад, 225 иргэнийг яаралтай тусламжийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвд, 63 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

 


相关新闻