Нутгийн зарим хэсгээр цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, Дорнод-Монголын тал нутгаар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа.
2023 оны 12 дугаар сарын 31-нээс 2024 оны 1 дүгээр сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 1 дүгээр сарын 1-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 3-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 31-нд зарим газраар, 1 дүгээр сарын 3-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -12...-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -7...-12 градус, өдөртөө +2...-3 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.