Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай тогтоолын төслийг өргөн барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар тогтов.
Төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан, бүсчлэн үе шаттайгаар нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах талаар авах арга хэмжээнийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд орон нутгийг бүсчлэн хөгжүүлж хот хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасган хөгжлийн түвшинг ойртуулж бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх зорилгоор уг тогтоолыг боловсруулсан аж.