Цахилгаан дамжуулан түгээх, үйлдвэрлэх үйл явц бүрд үнийг нэмснээр бодит өртөгт дөхнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-01-04 16:50:27

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Эдийн засаг тэлэхгүй байгаагийн нэг гол шалтгааныг салбарын шинжээч, мэргэжилтнүүд цахилгаан, эрчим хүчний салбарын өнөөгийн хүчин чадлын дутагдал, шинэ эх үүсвэр байхгүй байгаатай холбон тайлбарлаж байна.


Өнөөдөр манай улсад цахилгаан, эрчим хүчний үнэ тариф хямд хэрнээ эрэлт хэрэглээ өсөн, ачаалал нэмэгдэж буй. Өнөөгийн эрчим хүчний систем дэх үйлдвэрлэл, дамжуулан түгээх гэсэн 5-6 процессын үнийг үйлдвэрлэлийн үйл явц бүрд нэмж байж гэмээн цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ, ашиглалт зах зээлийн бодит үнэ болон жинхэнэ өртөгтөө дөхөж очно гэдгийг ШУТИС-ийн багш, доктор Н.Үлэмж ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аас хамтран салбарын мэргэжилтнүүд болон сэтгүүлч нарт зохион байгуулсан эрчим хүчний сургалт, хэлэлцүүлэг дээр онцлон хэлсэн юм.


Тэрбээр, аливаа салбарын үнийг чөлөөлснөөр өрсөлдөөн бий болж, инновац, шинэ техник, технологи нэвтэрч, удирдлагын менежмент, засаглал сайжирч, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орж ирдэг давуу талтайг дурдаад, энд үүрэн телефон, цахилгаан харилцаа холбоо, барилга зэрэг манай улсын бусад салбарын үйл ажиллагаагаар жишээ татаж байлаа. 


Манай улс 2021 онд дотооддоо 7.9 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, гадаадаас (ОХУ, БНХАУ-аас) 1.8 тэрбум кВт.цаг эрчим хүч худалдан авч, нийт цахилгааны хэрэглээ 9.7 тэрбум кВт.ц болжээ. 19.1 хувийг импорт эзэлж байна.

Түүний танилцуулснаар манай улсын эрчим хүчний систем 1600 мегаваттын хүчин чадалтай ажиллаж байна. Эрчим хүчний системийг нийтэд нь:

  • Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг хамруулсан баруун бүсийн,
  • Завхан, Говь-Алтай аймгийг багтаасан Алтай-Улиастайн эрчим хүчний,
  • Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Багануур хүртэл хамаарсан Төвийн бүсийн эрчим хүчний,
  • Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийг багтаасан Зүүн бүсийн эрчим хүчний гэсэн 5 бүсэд хуваан авч үздэг байна.

Эдгээрээс Төвийн бүсийн эрчим хүчний систем улсын хэмжээний нийт эрчим хүчний 80 хувийг үйлдвэрлэн хангадаг байна. Хамгийн сүүлд Өмнөд бүсийн эрчим хүчний системийг байгуулжээ.


Эрчим хүчний сургалт, хэлэлцүүлэгт УБЦТС, Улаанбаатар дулааны сүлжээ болон Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ, Диспетчерийн үндэсний төв зэрэг ТӨХК-иудын төлөөлөл оролцлоо. 

相关新闻