Томоохон арван компани хамгийн их, 56 сая шоо метр ус ашиглажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-01-04 17:40:31

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын мэдээгээр өнгөрсөн онд томоохон 10 компани хамгийн их ус ашигласан дүнтэй байна. Үүнд уул уурхайн компаниуд орж байна.


Тодруулбал, “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, Багануурын уурхай, “Шивээ-Овоо”, “Петрочайна дачин тамсаг”, тус компанийн 19 дүгээр талбай, “Шарын гол”, “Энержи ресурс”, “Цэцэнс майнинг энд Энержи”, “Таван толгой”, “Монголросцветмет” гэсэн 10 компани, аж ахуйн нэгж нийт 56 сая шоо метр ус ашиглажээ. Салбараар авч үзвэл:

  • хөдөө аж ахуйд хамгийн их буюу 265.8 сая шоо метр,
  • удаалаад уул уурхайд 208.40 сая шоо метр,
  • унд, ахуйд 87.8 сая,
  • эрчим хүч, дулаанд 46.63 сая,
  • үйлдвэр, ахуй үйлчилгээний салбарт 36.50 сая,
  • нийт 645.13 сая шоо метр ус ашиглажээ.


Дээрх дүн 2019 онд 578.2 сая, 2020 онд 591.0 сая, 2021 онд 594.8 сая, 2022 онд 606.2 сая шоо метр, тогтмол өсөж иржээ.

Хөдөө аж ахуйн болон хүн амын унд ахуйн зориулалтын усны хэрэглээг ҮСХ-ны мэдээнд тулгуурлан БОАЖ-ын сайдын 2015 оны тушаалаар баталсан “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны норм”-ыг ашиглан тооцдог байна.

Харин үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, эрчим хүч, дулаан, уул уурхай, ногоон байгууламжийн зориулалтаар хэрэглэсэн усны хэмжээг ус ашиглуулах дүгнэлтийн мэдээллийг ашиглан урдчилсан байдлаар гаргасныг Усны газрын дарга З.Батбаяр мэдээллээ.


Тэрбээр өмнө нь Худалдаа, хөгжлийн банк байсан талбайд одоо барилга барьж буй барилгын гүйцэтгэгч компани хөрсний усыг зөвшөөрөлгүйгээр шавхан зайлуулсан зөрчилд 146 тэрбум төгрөгийн хохирол тооцож буйг мэдэгдлээ. Тухайн барилгын компани 2022-2023 онд хөрсний усыг бүтэн шавхан ажиллаж байгаа ч нэг ч удаа усны төлбөр төлөөгүй, тавьсан шаардлагад хариу ирүүлээгүй байна.

Дээрх компани 5.7 сая шоо метр усыг зайлуулсан нь улсын хэмжээнд 3-4 хоног хэрэглэх ус болжээ.


相关新闻