Сэлбэ гол руу хөрсний ус дамжуулсан хоёр аж ахуй нэгжид хариуцлага тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-07 15:24:27

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өчигдөр холбогдох мэргэжилтнүүдийн хамт Сүхбаатар дүүрэгт Сэлбэ гол дагуу ажиллажээ.


Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Натурын гүүрний орчимд байрлах Геодези, усны барилга байгууламжийн газрын шугамаар хоёр аж ахуйн нэгж зөвшөөрөлгүй хөрсний ус дамжуулж, Сэлбэ гол руу цутгасан зөрчил гаргажээ. Иймд Нийслэлийн Байгаль орчны газраас тухайн асуудлыг шалгаж байгаа юм.


Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Халиа тошин үүссэн энэ үед зарим аж ахуйн нэгж Сэлбэ голд хөрсний усаа зөвшөөрөлгүй цутгасан асуудал гарсан. Тус хуулийн этгээдүүдийн үүсгэсэн хохирлын хэмжээг тодорхойлон, нөхөн төлбөр төлүүлнэ. Өмнө нь энэ төрлийн асуудал үүсэхэд холбогдох төрийн байгууллагууд нь хоорондоо албан бичиг солилцож, хугацаа алдан, хангалттай шийдэлгүй явсаар Зөрчлийн тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, хэргийг хаадаг байсан. Зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд эдийн засгийн үр дагавраар нь хариуцлага тооцохгүй бол Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих байдал даамжирч байна” гэлээ. 


Хөрсний ус зөвшөөрөлгүйгээр шавхсан байгууллагуудыг Нийслэлийн Байгаль орчны газраас тогтоож, хохирлын хэмжээг нарийвчлан тооцоолж, нөхөн төлбөрийг төлүүлэн, хариуцлага тооцох юм.


Дашрамд дурдахад, Халиа тошин үүссэн байршилд усны түвшин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байгаа аж. Энэ байдлаараа үргэлжилбэл сувагчлах, хоёр талаар нь далан босгоно. Одоогоор аюултай нөхцөл байдал үүсээгүй учраас тогтмол ажиглаж байна. Хөлдсөн хэсгийг яаравчлан задалж, усыг нь огцом халиулбал доод хэсгээр нь машин механизм ороход болохыг тайлбарлажээ. 



相关新闻