Д.Жаргал: Өнөөдрийн байдлаар Барилга, хот байгуулалтын салбарт 428 норм болон дүрэм мөрдөгдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газрын дарга Д.Жаргалтай
ярилцлаа.
-БХБ-ын сайд, ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар
“Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй, байдал, эрүүл ахуй” аяныг гурван сарын
хугацаанд өрнүүллээ. Аяны хүрээнд ямар ажил хийв. Хамрах цар хүрээ, зохион
байгуулсан ажлынхаа талаар танилцуулбал?
-Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 199, Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайдын А/117 дугаар хамтарсан тушаалаар 2023 оны есдүгээр сарын 1-нээс
эхлэн гурван сарын хугацаанд “Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн” аян эхлүүлсэн. Энэ хүрээнд 22 ажил зохион байгуулах төлөвлөгөө, ажлын хэсгийн бүрэлдэхүүн,
удирдамж батлуулан 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлсэн юм. Улсын
хэмжээнд “Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө хамтдаа” уриан дор олон
талт ажил хийлээ. Тухайлбал, 1097 барилгын хамгаалалтын түр хашаа, хамгаалах
тор, хаалт, хашлага, шат, лифтний хонгилын хаалт, мэдээллийн самбар, эрсдэлээс
сэргийлэх тэмдэг тэмдэглэгээг хийлгүүлсэн. 290 аж ахуйн нэгжийн 2827 инженер,
техникийн ажилтныг 646.2 сая төгрөгөөр
амь насны даатгалд хамруулж, 284 барилгын краны аюулгүй байдлыг хангуулахаас
гадна 125 краныг буулгаж, 12 краны үйл ажиллагааг зогсоож, лацадсан.
-Статистикаар, сүүлийн жилүүдэд барилгын салбарт хөдөлмөрийн
аюулгүй байдлыг мөрдөж ажиллаагүйгээс үүдэн гарсан осол аваарын тоон үзүүлэлт хэр
байдаг бол?
-Барилгын салбарт сүүлийн таван жилийн хугацаанд үйлдвэрлэлийн осол, хурц
хордлогоор 44 хүн нас барсан байна. Мөн хүнд болон хөнгөн хэлбэрээр 120 гаруй
хүн бэртэж гэмтэх болон хордлогод оржээ. Өнгөрсөн онд л нэг хүн нас барж, 10 хүн
хүнд, хөнгөн гэмтсэн гэдэг статистик бий. Харин аяны хугацаанд хүний амь нас
эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй. Үйлдвэрлэлийн осол гэмтэл өмнөх оны
үзүүлэлтээс хөнгөн гэмтэл 28.6, хүнд гэмтэл 82.1, нас баралт 93.3 хувиар
буурсан байна. Түүнчлэн өнгөрсөн краны осол аваар буурсан үзүүлэлттэй
-Барилгын салбарт аюулгүй ажиллагааг хангаж
ажиллахад юун дээр анхаарах шаардлагатай байна вэ?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын тухай хуульд
заасны дагуу төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5
хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшнээс хамааран үйлдвэрлэл,
үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс
шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулах гэсэн заалтын хэрэгжилтийг
ханган ажиллах шаардлагатай байна.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дугаар тогтоолоор батлагдсан “Аж
ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион
байгуулах нийтлэг журам”-ын хүрээнд дотоод хяналт шалгалт болон захиалагч,
зохиогчийн хяналт, барилгын материалын сорилт шинжилгээний лабораторид өгч
магадлан баталгаажуулалт хийх зэрэг ажлыг тогтмол зохион байгуулж, илэрсэн
зөрчил дутагдлыг арилгуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг аж
ахуйн нэгж, байгууллагууд хэрэгжүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай байна.
Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайдын 2023/03 дугаартай “Барилгын ажлын
аюулгүй байдлыг хангуулах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын
хэрэгжилтийг хангуулж, барилгын норм нормативын баримт бичгийг барилгын үйл
ажиллагаандаа мөрдөж ажиллах хэрэгтэй.
-Аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй аж ахуйн нэгж, компаниудыг яах вэ. БХБ-ын сайд
Ц.Даваасүрэн аюулгүй ажиллагааг баримталж ажиллаагүй бол тусгай зөвшөөрлийг нь
цуцлах тухай хэлсэн байдаг. Энэ талаар?
-Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, өгсөн үүрэг
даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зургаан аж ахуй нэгжид улсын байцаагчийн
дүгнэлтүүдийг гарган Барилгын тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу тусгай
зөвшөөрлийг түдгэлзүүлэх мэдэгдэл хүргүүлж түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байна.
Мөн барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг хоёр жил
дараалан эрхлээгүй 89 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын
сайдын 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 277 дугаар тушаалаар хүчингүй
болгосон.
-Барилгын тухай хууль, тушаал шийдвэрүүдийн
хэрэгжилтэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Барилга, хот байгуулалтын салбарт 428 норм ба дүрэм, барилгын дүрэм, заавар, аргачлал хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 2023 онд нийт 150 норм нормативын баримт бичиг боловсруулахаар тусгаснаас боловсруулж байгаа 102 норматив баримт бичиг, шинээр боловсруулах 48 норматив баримт бичиг байна. Тухайлбал “Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт”-ыг боловсруулан Засгийн газрын 2023 оны 97 дугаар тогтоолоор,”Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалт”-ыг 98 дугаар тогтоолоор тус тус батлуулсан. Мөн улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, бус эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж буй болон өргөтгөл, шинэчлэл хийж байгаа төслийн барилга байгууламжийн угсралтын ажил болон ашиглалтын чанар, техникийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.
-Салбарын яамнаас цаашид ямар бодлого баримталж ажиллах вэ?
-Зураг төслийг зөв оновчтой төлөвлөх, шаардлага хангасан барилгын материал бүтээгдэхүүн хэрэглэх, угсралтын ажлыг чанартай гүйцэтгэх, ажиллагсадын болон орчны аюулгүй байдлыг хангуулахад анхаарна. Мөн хуулийн хэрэгжилтийг хангуулах, дотоод хяналтыг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн шаардлага хангасан барилга байгууламжийг улсын комиссоор хүлээн авч, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах, барилгын ашиглалтын үед анхны төлөвлөлт, зориулалт, үндсэн хийц бүтээцэд өөрчлөлт оруулахгүй байх, чанар аюулгүй байдлыг хангуулж, хариуцлагыг өндөржүүлэх асуудал тавьж байна. Энэ хүрээнд Барилгын тухай хууль болон барилгын норм нормативын баримт бичгийг үе шаттай шинэчлэн боловсруулж байгаа юм.