Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд Намжилдоржийн Энхбаяр, Жамсрандоржийн Дэлгэрсайхан, Нинжбатын Ууганбаатар, Амаржаргалын Энхбат, Равсалын Рэнцэнбазар, Лхагважавын Гангэрэл, Ланганы Отгонтуяа нар нэр дэвшүүлэх хүсэлтээ гаргасан байна. Тэдгээр нэр дэвшигч нь Төсвийн байнгын хорооны өнгөрсөн оны 13 дугаар тогтоолоор баталсан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх хүсэлтийн тухай загварын дагуу материалаа хүргүүлсэн аж.
Хэлэлцүүлгийн үеэр нэр дэвшигчдээс гишүүд асуулт асууж, тайлбар авсан юм. Ингээд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад, олонх дэмжсэн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар хандаж хэлсэн үгэндээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд нь зөвхөн төсөв батлан хэлэлцүүлэх үеэр ажилладаг байх ёсгүй. Бүх цаг үед судалгаа шинжилгээнд тулгуурлан хараат бусаар ажиллахыг захилаа.