Зудын эрсдэлтэй нутаг 20 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Манай улсын нийт нутгийн 90 хувьд зудын эрсдэл их, 10 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй судалгаа гарч, их эрсдэлтэй нутаг 20 хувиар нэмэгджээ.
Тодруулбал, Архангай,
Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Өмнөговь,
Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Хөвсгөл, Булган,
Төв, Дундговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна.
Цаашид малчдын бэлтгэсэн өвс, тэжээл дууссан тохиолдолд
сумын аюулгүйн нөөцөөс гаргах, цаашлаад аймаг, улсын нөөцөөс гаргах төлөвлөлт
боловсруулаад байгааг УОК-ын
Шуурхай штабаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг оролцуулсан уулзалтын үеэр ОБЕГ-ын
дэд дарга, Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өвөлжилтийн нөхцөл байдлын талаар танилцуулахдаа
мэдээлэв.
ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан зэрэг олон
улсын хүмүүнлэгийн байгууллагаас эрүүл мэндийн яаралтай тусламжийн болон эрүүл
ахуй, ариун цэврийн нийт 2162 багцыг бэлдсэн бөгөөд УОК-ийн Шуурхай штабаас
зорилтот бүлгийн судалгаанд үндэслэн түгээхэд бэлэн болсныг тэмдэглэлээ.
Түүнчлэн, уулзалтын
үеэр өвөлжилт хүндэрч буй
аймаг, сумдын иргэд, малчдад, шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэхэд дэмжлэг
үзүүлэх, олон улсын тусламжийг зөв зохион байгуулалттай хуваарилахад анхаарч,
хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Уулзалтад НҮБ-ын суурин төлөөлөгч Тапами Мишра, Хятад,
Австрали, АНУ, Герман Улсаас
Монгол Улсад суугаа Элчин Сайдын газрын төлөөлөгч, АНУ-ын
Энхийг сахиулах корпус, Хүүхдийг ивээх сан, Чех Улсын Каритас, НҮБ-ын Хүнс
хөдөө, аж ахуйн байгууллага, ДЭМБ, Мерси Кор, МУЗН, “Дэлхийн Зөн Монгол”,
АДРА Монгол зэрэг олон улсын байгууллагын 30 орчим төлөөлөл оролцжээ.