Автобусны буудал дээрх чиглэл, маршрутын мэдээллийг шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн шинэ маршрут, чиглэлийг энэ сарын 20-ноос өөрчилж буй. Тухайлбал, нийтийн тээврийн сүлжээний дахин төлөвлөлтийн хүрээнд боловсруулсан үндсэн 40 богино эргэлтийн чиглэлтэй болсон. Өнөөдрийн байдлаар 110 чиглэлд 1017 автобус үйлчилгээнд явж байгаа. Тэгвэл шинэ төлөвлөлтөөр 74 чиглэлд 1075 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болох юм.
Парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын Yutong Bus компаниас Улаанбаатар хотод 600 автобус нийлүүлэхээс 135-ыг нь хүлээн авчээ. Аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” хувьцаат компанитай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулан ашиглах боломжтой аж. Мөн 2023 оноор ашиглалтын хугацаа нь дууссан 403 автобусыг үйлчилгээнээс хасахаар болсон байна.
Нийтийн тээврийн өөрчлөлтийн хүрээнд автобусны буудал дээрх чиглэл, маршрутын мэдээллийг шинэчлэх юм байна. Түүнчлэн энэ сарын 20-ноос өмнө Сүхбаатарын талбайн хойд талын автобусны буудлыг дахин сэргээж, засварлах ажээ.