ДАРХАН-УУЛ: Бохир ус татан зайлуулах хүчин чадал нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал нар “Дархан ус суваг” ХК-ийн удирдлагуудтай уулзаж холбогдох мэдээллийг сонсож, үйл ажиллагаатай танилцаж цаашид шийдвэрлэх, тулгамдсан асуудалтай танилцлаа.
Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах мон 3244/3245 төсөл хэрэгжүүлснээр Дархан хотын хэрэглэгчдээс татан зайлуулах бохир усны системийн хүртээмж болон цэвэрлэгээний үр дүн сайжирч эхэлснийг холбогдох албаныхан мэдээллээ.
Цаашид Дархан хотыг хүн амыг нэмэгдүүлэх, орон сууц хорооллыг нэмэгдүүлэхэд орон нутгийн зүгээс бодлогоор дэмжин ажиллаж байгаа. Уг төсөл хэрэгжсэнээр 2040 он хүртэлх хугацаанд бохир ус цэвэрлэгээний хүчин чадал нэмэгдсэн бөгөөд үйлдвэрийн бүсийн бохир усны шугамын голч 300мм байсныг 800мм болгон өргөтгөжээ.
Томоохон үйлдвэрүүд, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бохир ус зайлуулах боломжийг нэмэгдүүлснээр Дархан хотын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах боломжтой болж байна гэдгийг тус байгууллагын удирдлагууд онцоллоо.
Бохир усны шугам сүлжээ, насос станцыг шинэчлэн сайжруулснаар бохир усны шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтын хугацааг уртасган найдвартай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн чадсан аж.
Цэвэрлэх байгууламж, насос станцуудын техник тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн технологиор 100 хувь шинэчлэн сайжруулснаар бохир усны цэвэрлэгээний түвшин нэмэгдэж, бүрэн автоматжуулалтаар тоноглож хүний оролцоог 30 хүртэлх хувиар бууруулж, эрчим хүчний хэмнэлтийг 25 хувиар нэмэгдүүлэх боломж бүрджээ.
Цаашид нэгдүгээр өргөгч насос станц, байгууламжийн гаднах хашаажуулалтыг шинэчлэн стандартад нийцүүлэн хийх шаардлагатайг орон нутгийн удирдлагуудад уламжиллаа.
Иргэдийг
эрүүл, аюулгүй ундны усаар хангадаг гол байгууллагын үйл ажиллагааг хэвийн
явуулахад, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авч нийлүүлэхэд аймгийн
ИТХ-ын дарга, засаг дарга анхаарч ажиллахаа илэрхийллээ.