ДАРХАН-УУЛ: Хотын баярын өмнө гавьяат цолтнуудад хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-16 21:37:09

Дархан, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дархан хот байгуулагдсаны 64 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат цол хүртсэн иргэдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.  Жил бүр зохион байгуулдаг уг үйл ажиллагаанд энэ удаа 2025 онд төрсөн гавьяатуудаа хүлээн авч уулзлаа.


Дархан хот байгуулагдсаны түүхт 64 жилийн хугацаанд 104 иргэн Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат цол хүртэж байжээ.


Тэдний төлөөлөл болох :

Монгол Улсын “Гавьяат тээвэрчин” Лхамын Балдан нь бага насандаа мал маллаж 1959 онд Баянхонгор аймгийн 18-р баазад цэвэрлэгч, галч, 1960-1963 тус баазад засварчин, токарьчин, 1963-1991 онуудад Баянхонгор аймгийн 18-р авто бааз, Дархан хотын Тэжээл тээврийн 26-р авто баазад жолоочоор 32 жил тасралтгүй ажиллажээ.




Монгол Улсын Гавьяат тээвэрчин Орсоогийн Бадарч нь:

1977-1978 онд жолооны курс төгссөнөөр авто тээврийн салбартай ажил амьдралаа холбожээ. Тэр бээр “Агромаштех ХХК”-нд 2008 онд ажилд орж 2015 оноос тус компанийн инженер техникийн албанд моторчноос эхлэн инженер, зөвлөх инженер хүртэл орчин үеийн өндөр технологи бүхий техник тоног төхөөрөмжүүдийг хариуцан 2024 оныг дуустал тасралтгүй 9 жил ажиллаж өдгөө гавьяаныхаа амралтыг эдэлж байна.


Монгол Улсын “Гавьяат уурхайчин” Нацагдоржийн Сундуйжав нь:

Шарын гол ХК-д 35 жил тасралтгүй ажилласан бөгөөд хамт олны дунд нэр хүндтэй, шударга зарчимч, мэргэжлийн өндөр ур чадвартай удирдах арга барил сайтай, тэргүүний удирдах ажилтан юм. Тэр бээр Шарын гол суманд 1986-1988 онд өргөтгөл конторт тоног төхөөрөмжийн засварчнаар ажлын гараагаа эхэлж, 1990 оны тавдугаар сараас Шарын голын уурхайд гүний хэсгийн ээлжийн мастер, 1992 оны дөрөвдүгээр сараас гүний хэсгийн даргаар, 2022 оны гуравдугаар сараас тусгай үйлчилгээний авто баазын даргаар үр бүтээлтэй ажиллаж байна.




Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Сүрэнхүүгийн Эрдэнэ-очир нь:

1990-1998 онд Хануй хоршоог үүсгэн байгуулж Хөнгөн цагааны экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ. 1998-2025 онд Бадрал трейд ХХК үүсгэн байгуулж газар тариалангийн чиглэлээр одоог хүртэл ажиллаж байна. Мөн 2007-2025 онд Хатуу төмөр ХХК үүсгэн байгуулж хаягдал төмөр боловсруулан арматур үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.


Монгол Улсын хүний Гавьяат эмч Цэрэндондовын Дэмидвандан нь:

1991 оноос Дархан-Уул аймагт мэргэжлээрээ 35 дахь жилдээ ажиллахдаа Дархан хотын эрүүл мэндийн II төвд шүдний их эмч, шүдний тасгийн эрхлэгчээр, Хаш компанид шүдний их эмчээр ажиллаж байжээ.

1997 оноос “Харзтай” шүдний эмнэлгийг байгуулж шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх үйлчилгээ явуулж эхэлсэн ба үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж улмаар Харзтай клиникийн төв эмнэлэг болгон өргөтгөж нүүр амны эмчилгээ, согог засал, гажиг засал, мэс засал, хүүхдийн шүдний эмчилгээний чиглэлээр бүс нутгийн хэмжээнд нүүр амны бүх төрлийн эмчилгээ , оношилгоо, үйлчилгээ явуулж байна.




Монгол Улсын “Гавьяат агрономич” Дамираны Чойжилсүрэн нь:

ХАА-н салбарт тасралтгүй 44 жил ажиллаж үр тарианы үр үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгож, чанар сайтай үрээр дотоодын хэрэгцээг хангах, эх орны таваарын үр тарианы хэрэгцээг хангах үйлсэд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн хүрээнд үр бүтээлтэй ажиллаж өндөр амжилт гаргажээ.

Орон нутагт ХАА-н жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, өрхийн тариаланг өргөжүүлэн оновчтой хөрөнгө оруулалт хийж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих замаар хүнсний хангамжийг дээшлүүлэх үйлсэд иргэдийн мэдлэг чадвар, арга туршлагыг дээшлүүлэхэд хүч чадлаа дайчлан амжилттай ажилласаар ирсэн тэргүүний агрономич юм.




Монгол Улсын Үйлчилгээний Гавьяат ажилтан Дамираны Оюун нь:

Улсад 31 жил үүнээс худалдаа, үйлчилгээний салбарт 25 дахь жилдээ ажиллаж Дархан тээвэр компаниа үүсэн байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэл төвийн бүсийн хамгийн төв худалдаа, үйлчилгээний төв болох “Дархан зах”-бий болгож, өргөжин тэлэхэд өөрийн тодорхой хувь нэмрээ оруулсан тэргүүний ажилтан юм.

Өнгөрсөн хугацаанд үйлчилгээний байгууллагын стандартад нийцсэн үйл ажиллагааг жигдрүүлж, бизнес эрхлэгчдийг ажлын байраар хангах, ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, үйлчилгээ явуулах лангуу, ажлын байрыг төрөлжүүлж түрээслэгч үйлчлүүлэгчдийн зөв боловсон үйлчилгээг хэвшүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байна.

 

相关新闻