ТӨХК-иудад тогтоож ирсэн онцгой дэглэмийн эрх зүйн асуудлыг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Манай улсад 2019 оноос төрийн өмчит
компани, улсын үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжид таван удаагийн онцгой байдал
тогтоож байжээ.
Тодруулбал, Засгийн газрын
шийдвэрээр “Монголросцветмет”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой Төмөр зам”, “Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож байсны дотор орон нутгийн өмчит нээлттэй
хувьцаат компани хүртэл оржээ.
Компаниудад онцгой байдлын дэглэм тогтоох нь компанийн
удирдлага, үйл ажиллагаанд гарсан зөрчил,
доголдлыг арилгах, санхүүгийн хяналт шалгалт хийх, хариуцлага, үр ашгийг
нэмэгдүүлэх зорилготой байдаг. Энэ үүднээс онцгой байдал тогтоох нь тухайн компанид үүссэн хямралыг зохицуулах, аудит хийх зэрэг ач холбогдолтой. Гэхдээ энэхүү
арга хэмжээг авахдаа хууль эрхзүйн хувьд компанийн засаглалын зарчимд
тулгуурлан түүнийг алдагдуулахгүй байх, компанийн бие даасан хараат
бус байдлыг хангах засаглалын олон
улсын стандартыг барьж ажиллах хэрэгтэй байгааг судлаачид хэлж байна.
Тодруулбал, ТӨХК-иудад онцгой
дэглэм тогтоох үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Иргэний хууль,
Компанийн тухай зэрэг зарим хууль
тогтоомжид нийцэхгүй байгааг
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, судлаач Г.Давааням,
Б.Тэлмэн нар өнөөдөр Нээлттэй нийгэм форум
дээр болсон “Онцгой дэглэм ба төрийн өмчлөгчийн хяналт" хэлэлцүүлэг дээр хэллээ.
Тухайлбал, "Эрдэнэс
Тавантолгой" ХК нь
төрөөс гадна олон тооны хувьцаа эзэмшигчтэй бол "Тавантолгой” ХК-ийн хувьд төртэй хувьцаа эзэмшлийн
хамааралгүй, нээлттэй хувьцаат компани юм
гэдгийг тодотгож, дээрх компаниудад онцгой дэглэм тогтоосон
нь Үндсэн хуулиар баталгаажсан "өмчлөх эрх", "хувийн аж ахуй
эрхлэх" эрх чөлөөг хязгаарласан хэмээн үзэж
буйгаа илэрхийлсэн юм.
Тэд тухайн компаниийн өмчлөгчийн
хяналтыг компанийн засаглалын зарчмыг зөрчихгүйгээр хэрэгжүүлэх боломжтойг хэллээ. Компанийн дотоод болон хөндлөнгийн
аудитын тогтолцоог үр дүнтэй ашиглах, зөрчлийг холбогдох хуулийн байгууллагаар
шийдвэрлүүлэх, ТУЗ болон гүйцэтгэх захиралд хариуцлага тооцох зэрэг арга
хэмжээг авах боломж өнөөгийн эрх зүйн орчинд байгаа гэв.
Компани нь бие даасан хууль
эрх зүйн этгээдийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ, гүйцэтгэх удирдлага
зэрэг өөрийн удирдлагын бүтэцтэй. Онцгой дэглэм тогтоох үед хууль эрхзүйн эдгээр
зарчмыг харгалзан үзэж шийдвэр гаргах эрхзүйг ханган ажиллах учиртайг хэллээ. УИХ-д
өргөн бариад буй Төрийн болон орон нугийн өмчийн тухай хуулийн төсөлд энэ
талаар тусгах хэрэгтэйг судлаачид тэмдэглэж байв.
Дээрх
хуулийн төсөлд онцгой дэглэм тогтоох талаар
зааж тусгах нь шаардлагатай эсэх тухай тэд хэлэхдээ, “Компанийн эрх зүйн
харилцааг тусдаа бие даасан хуулиар зохицуулж буй өнөө үед төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагын тогтолцооны хямралыг даван гарах арга механизм,
процедурыг салбар хуульд нийцүүлэн тогтоох учиртай” хэмээж байлаа.