“Сэргээн засварлагдсан бүтээлүүд-2023” үзэсгэлэнг нээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-01-23 13:16:01

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Соёлын өвийн үндэсний төвийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 22-нд “Сэргээн засварлагдсан бүтээлүүд-2023” үзэсгэлэнг нээжээ. Уг үзэсгэлэнд 2023 онд сэргээн засварласан түүх, соёлын 42 ширхэг дурсгалт зүйлийг төлөөлөл болгон дэглэсэн байна.


Соёлын өвийн үндэсний төвийн 14 сэргээн засварлагч өнгөрсөн онд улсын есөн музей, 18 аймгийн музей, орон нутгийн хоёр музей, шашны нэг байгууллага зэрэг нийт 30 байгууллагын 165 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлажээ. Тухайлбал, уран зураг 41, баримал 32, даавуу, зөөлөн эдлэл 28, металл 17, мод 16, арьс 11, танка 10, цаас 7, чулуу 3 ширхэг тус тус багтаж байна.


Эдгээрээс түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлийн Монголын Үндэсний номын сангийн 5, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн 7, нийт 12 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн 45 ширхэг, Чойжин ламын сүм музейн 6 ширхэг, Төв аймгийн музейн нэг ширхэг зэрэг нийт 52 түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг газар дээр нь очиж сэргээн засварлажээ.



Цаг үеийн шаардлагаар Богд хааны ордон музейн тав, Чойжин ламын сүм музейн гурав, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн нэг, Архангай аймгийн музейн нэг, Хэнтий аймгийн музейн нэг, нийт 5 музейн 11 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг нэмэлтээр сэргээн засварласан байна.


Сэргээн засварлах газрын үйл ажиллагаа, сэргээн засварлагчдын ажил мэргэжлийн онцлогийг байгууллагынхаа ажилтнуудад сурталчлах, таниулах, газар нэгжүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор дээрх үзэсгэлэнг дэлгэжээ.





相关新闻