ЭҮНХ-ий Дээд түвшний XIX уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Уганда Улсын Кампала хотноо энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулсан Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн (ЭҮНХ)-ий Дээд түвшний XIX уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин оролцов.
Дээд түвшний уулзалтад дэлхийн 28 орны төр засгийн тэргүүн, 52 өндөр түвшний төлөөлөгч хуран цугларсан байна. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн нь олон улсын тулгамдсан асуудлаар баримталж буй байр суурь, ашиг сонирхлоо хамтран хамгаалахад чиглэсэн хөгжиж байгаа орнуудын хамтын ажиллагааны нэгэн механизм юм.
ЭҮНХ нь 1961 онд 25 гишүүнтэй байгуулагдсан бол эдүгээ дэлхийн 120 улсыг эгнээндээ нэгтгээд буй. ЭҮНХ-ий гишүүн орнууд нь НҮБ-ын гишүүдийн гуравны хоёрыг, дэлхийн нийт хүн амын 55 хувийг бүрдүүлдэг.