Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг ажлын хэсгийн түвшинд хэлэлцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо 8 удаа хуралдаж, нийт 23 асуудлын хүрээнд хуулийн 22, УИХ-ын тогтоолын гурав, байнгын хорооны тогтоолын 7 төслийг хэлэлцэж, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан илтгэл, мэдээллийг 2 удаа, албан тушаалтныг томилох чөлөөлөх асуудлыг нэг удаа хэлэлцэн шийдвэрлүүлжээ.
Хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх эсэх тухай болон анхны хэлэлцүүлгийн нийт 9 санал дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 3 танилцуулга, бусад асуудлаарх мөн тооны санал дүгнэлт, ажлын хэсгийн 4 танилцуулга, анхны хэлэлцүүлгийн шатанд 109, эцсийн хэлэлцүүлгийн шатанд 11 зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус тус бэлтгэж, эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласан байна. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 22 хууль, УИХ-ын 3 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэсний зэрэгцээ байнгын хорооны 7 тогтоолыг баталж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 12-нд, Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 17-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан аж. Түүнчлэн Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг өнгөрсөн оны аравдугаар сарын 27-нд, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-нд тус тус батлуулжээ.
Намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос 12 хэлэлцүүлэг явуулан, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах ажлыг хуульд заасны дагуу зохион байгуулжээ. Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Олон улсын Парламентчдын Эрүүл мэндийн асуудлаарх долдугаар чуулган, есдүгээр сарын 12-нд Мансууруулах бодисын хор хөнөөлтэй тэмцэх бодлого хэлэлцүүлэг, мөн сарын 13-нд Баянхонгор, 14-нд Өвөрхангай, 18-нд Дархан-Уул аймгийн иргэд, албан хаагчдад хийсэн Нийгмийн даатгалын багц хуулийн танилцуулга зэрэг юм. Түүнчлэн өнгөрсөн оны аравдугаар сарын 4-7-нд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн жишиг төвийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцаж, ажилтан албан хаагчид, иргэдтэй Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар уулзалт-хэлэлцүүлэг хийсэн байна.
“Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт”, “Хүүхдийн эрүүл мэнд ба чихрийн хэрэглээ” хэлэлцүүлгүүдийг өнгөрсөн оны аравдугаар сард хийж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, түүний чанар үр дүн, тулгамдаж буй асуудал, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн үр дүнгийн талаарх уулзалт-хэлэлцүүлгүүдийг Увс, Архангай, Өвөрхангай аймагт 12 дугаар сард цувралаар явуулжээ.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг, байнгын хорооны тогтоолоор байгуулсан Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай болон Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслүүд, мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүд тус тус ажилласан байна.