Эдийн засгийн байнгын хороо иргэдээс ирүүлсэн 22 өргөдөл гомдолд хариу өгч ажиллажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо 15 удаа, ажлын хэсэг 17 удаа, давхардсан тоогоор нийт 35 асуудлыг хэлэлцэж, 3 хуулийн төсөл, УИХ-ын 4 тогтоолын төсөл, байнгын хорооны 10 тогтоол, зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх, албан тушаалтныг томилох чөлөөлөх тус бүр 2 асуудлын төслийг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Байнгын хороо хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд дараах санал дүгнэлт, танилцуулгыг бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласан байна. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 3 хууль, УИХ-ын 4 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган эцэслэн батлуулж, байнгын хорооны 10 тогтоолыг баталсан аж. Байнгын хорооны тогтоолоор хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 3 ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж буй.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийн хүрээнд өнгөрсөн оны 10 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд Монголбанканд ажиллаж, АмЧам Монголиа АНУ-ын худалдааны танхимын төлөөлөгчид, Монголын бизнесийн зөвлөл, МҮХАҮТ-ын төлөөлөгчдийг оролцуулан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс “Ковид-19” цар тахлын үеийн төсвийн зарцуулалтын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах санал ирүүлсний дагуу Эдийн засгийн байнгын хороо өнгөрсөн оны зургаадугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоолыг баталж, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг томилсон бөгөөд сонсголыг өнгөрсөн оны 10 дугаар сарын 23-нд зохион байгуулжээ.
Байнгын хороо 8 хурал зөвлөгөөн, 38 уулзалт ярилцлага, гадаадын зочид төлөөлөгчтэй уулзах 15 уулзалтыг зохион байгуулж ажилласан байна. Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээс санал авах зорилгоор байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 7 хууль, тогтоолын төсөл, байнгын хорооны 32 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн 2 танилцуулгыг тайланг иргэд, олон нийтээс санал авахаар D.Parliament.mn цахим системд байршуулжээ.
Иргэдээс байнгын хороонд 22 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 83 албан бичиг ирүүлснийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 13 албан бичигт хариу өгсөн байна.