Хүний тархинд чип суулгах мэс заслыг анх удаа амжилттай гүйцэтгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
НЬЮ-ЙОРК, 2024 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийн нейротехнологийн Neuralink компанийн мэргэжилтнүүд нэгдүгээр сарын 28-ны өдөр анх удаа хүний тархинд чип суулгах мэс ажилбарыг амжилттай гүйцэтгэлээ.
"Өчигдөр эхний хүнд Neuralink-ийн чипийг суулгалаа. Мэс заслын дараах эдгэрэлт сайн байна" гэж Маск X (хуучнаар Twitter) сүлжээнд бичжээ. Эхний мэдээллүүдийг үзвэл, төхөөрөмжийн үзүүлэлтүүд итгэл төрүүлэхээр харагдаж байна гэж тэрбээр онцолсон байна.
Neuralink-ийн анхны бүтээгдэхүүнийг Telepathy гэж нэрлэсэн бөгөөд уг суулгац нь гар утас, компьютерыг бодлоороо удирдах боломжийг олгох ажээ. И.Маск "Эл суулгацын эхний хэрэглэгчид нь гар хөлөө хянах чадвараа алдсан хүмүүс байх болно" гэдгийг онцолсон байна. "Стивен Хокинг өөрийн санаа бодлыг текстийг хурдан бичигч машинаас илүү хурднаар илэрхийлж чадах байсан гээд төсөөлөөд үз дээ. Энэ бол бидний зорилго" гэж тэрбумтан тайлбарлалаа.
“Neuralink” компанийг И.Маск 2016 оны долоодугаар сард байгуулсан бөгөөд тус компани хүний тархинд суулгаж болох чипүүдийг бүтээж байна. Ийм мэдрэлийн интерфэйс нь алс ирээдүйд хүнийг хиймэл оюун ухааныг эсэргүүцэх чадвартай киборг болгох боломжтой бөгөөд бодлын хүчээ ашиглан компьютерыг шууд удирдаж сурахад хүмүүст тусална.