Азийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтыг технологийн салбарынхан тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-03 14:30:30

ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 3 /Anadolu/. Технологийн компаниуд энэ оны Азийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтын эхний дөрвөн байрыг эзэлжээ. Тус салбар нь сүүлийн үед худалдааны хурцадмал байдал, татвар тарифаас үүдэлтэй тогтворгүй байдлыг туулж байгаа үед ийнхүү жагссан байна.


Тодруулбал, Тайванийн “Taiwan Semiconductor Manufacturing Company нь /TSMC/ 1.4 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээгээрээ бүс нутгийнхаа манлайлагчийн байр сууриа хадгалсан бөгөөд энэ оны нэгдүгээр сараас хойш дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын 10 дугаарт бичигдэж байна.


Азийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтад Хятадын технологийн конгломерат “Tencent” 771.7 тэрбум ам.долларын үнэлгээгээр хоёрдугаарт жагсжээ. Хятадын хамгийн үнэ цэнтэй тус компани дэлхийн хэмжээнд үнэлгээгээрээ 15 дугаарт бичигдэж байна. Харин цахим худалдааны салбарт тэргүүлэгч “Alibaba” 428.9 тэрбум ам.долларын үнэлгээгээр Азидаа гуравдугаарт жагссан бол Өмнөд Солонгосын “Samsung” 388.87 тэрбум ам.доллароор дөрөвдүгээрт бичигджээ.


Жагсаалтын эхний 10-т санхүүгийн байгууллагууд давамгайлж байгааг дурдвал, Хятадын Худалдаа, аж үйлдвэрийн банк тавдугаарт, Хятадын Хөдөө аж ахуйн банк /319.6 тэрбум ам.доллар/ зургаадугаарт жагсаж байна. Хятадын цэнэг хураагуур үйлдвэрлэгч “CATL” 259.8 тэрбум ам.долларын үнэлгээгээр долоодугаарт бичигдэж, Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани /258.2 тэрбум ам.доллар/ удаалжээ. Түүнчлэн Хятадын согтууруулах ундаа үйлдвэрлэгч “Kweichow Moutai” /254 тэрбум ам.доллар/ есдүгээрт бичигдэж байгаа бол Хятадын Бүтээн байгуулалтын банк /252.8 тэрбум ам.доллар/ 10 дугаарт жагссан байна.


Alibaba” энэ онд Азийн шилдэг компаниудын дундаас хамгийн өндөр өсөлт үзүүлэлт бөгөөд есдүгээр сард хиймэл оюун ухааны “Qwen3” загвараа гаргасны дараа хувьцааных нь ханш 114.8 хувиар өссөн юм. Түүнчлэн 5G сүлжээ, хиймэл оюуны шинэ санаачилга, төлбөрийн шинэ аргыг нэвтрүүлсний ачаар “Tencent”-ийн хувьцаа 59 хувиар өссөн байна. 


Мөн “Samsung”-ийн ханш 57.7 хувь, “CATL” 51.1 хувь, Хятадын Хөдөө аж ахуйн банк 24.9 хувь, “TSMC” 21.4 хувь, Хятадын Худалдаа, аж үйлдвэрийн банкных 10.1 хувиар тус тус өссөн байна. Харин “Toyota”-гийн ханш 9.4 хувь, “Kweichow Moutai” 5.3 хувь, Хятадын Бүтээн байгуулалтын банкных 2.1 хувиар буурчээ. 


Хамгийн сүүлийн үеийн тоо баримтууд нь Азийн технологийн салбарын хүчирхэг байдлыг онцлон харуулахын зэрэгцээ төрийн дэмжлэгтэй санхүүгийн байгууллагууд жин дарсан хэвээр байгааг харуулсан байна.

 


相关新闻