Өмнөд Солонгос "чипний өрсөлдөөнд" татагдан орлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2024-02-05 17:01:18

СӨҮЛ, 2024 оны хоёрдугаар сарын 5 /DW/. Өмнөд солонгосчууд Сөүлээс өмнө зүгт чипний кластер үйлдвэрлэлийн асар том бүс байгуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ. 


Төлөвлөгөөг хэрэгжүүлэх гол хөдөлгөгч хүч нь Samsung Electronics, SK Hynix гэсэн өндөр технологийн тэргүүлэх компаниуд бөгөөд 2047 он хүртэлх хугацаанд 428 тэрбум еврогийн хөрөнгө оруулах ажээ. Харин Өмнөд Солонгосын засгийн газрын хувьд татварын хөнгөлөлт үзүүлж, бусад давуу эрхийг олгоно. Нийслэлийн ойролцоох аж үйлдвэрийн асар том бүс нь 3.5 сая хүнийг ажлын байраар хангах ба түүнийг ажиллуулахад их хэмжээний эрчим хүч шаардагдах тул атомын цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болно. 


Чипний кластер үйлдвэрлэл хоосон газар дээр босохгүй. Учир нь, тус улс нь технологийн салбарт, тэр дундаа хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг байсаар ирсэн билээ. Тэдгээрийн зарим төрөлд өмнөд солонгосчууд одоо ч дэлхийн зах зээлд ноёрхсоор байна. Тухайлбал, компьютер, зөөврийн компьютерт ашигладаг DRAM санах ой, түүнчлэн хатуу дискний (SSD) үйлдвэрлэлээр илт давамгайлдаг. Эдгээр салбарт Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчдийн эзлэх хувь дэлхийн зах зээлийн 60 хувиас давжээ. 


Харин ирэх жилүүдэд Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчдийн хувьд бага зэрэг хоцрогдолтой байгаа бусад төрлийн микропроцессорын эрэлт хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд уг зах зээлд тэргүүлэгч компани нь Тайванийн TSMC юм. Ийм учраас эдгээр чиглэлд Сөүл байр сууриа ахиулахын тулд чипний кластер үйлдвэрлэл байгуулахаар төлөвлөж байна. Үйлдвэрлэлийн шинэ бүс нь 21 мянган га талбайг эзлэх бөгөөд одоо байгаа аж үйлдвэрийн хэд хэдэн бүсийг нэгтгэх юм. Тэнд одоо үйл ажиллагаа явуулж буй 19 үйлдвэр дээр нэмээд 16 үйлдвэр байгуулна. Үүнээс гадна, 2027 он гэхэд гурван шинэ үйлдвэр, технологийн туршилтын хоёр талбай барина.

相关新闻