Н.Рүбэн: Монгол соёл, тэмээний бүх зүйл сонин содон, гайхамшигтай байлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-02-06 10:28:53

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Өвлийн аялал жуулчлалын нэг хэсэг болсон Тэмээний баяр жилээс жилд өргөжиж, дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татсаар байна. Хоёрдугаар сарын 2-3-нд Өмнөговь аймагт зохион байгуулсан “Түмэн тэмээний баяр”-ыг нийтдээ 8.4 мянган хүн үзэж сонирхжээ.


Орон нутгаас 2000 хүн оролцож үзсэн бол нийслэл хот, бусад аймаг, хотоос 1500, гадаадын жуулчид, сэтгүүлчдийг оролцуулаад нийт 8.4 мянган хүн үзэж сонирхжээ.


Тэмээний баярыг нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлал болгоно.



Энэ жилийн Түмэн тэмээний баяр наадмаар тэмээн поло тэмцээн, сайхан ингэ, буур шалгаруулах, нас насны тэмээний уралдаан болон “Ингэний айрагны баяр” худалдаа зохион байгуулсан нь оролцогч, үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ. Ингэний айрагны худалдаагаар гэхэд 202 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.


Мөн “Түмэн тэмээний баярт”-т Олон улсын тэмээний холбооны төлөөлөгч Н.Рүбэн ирж оролцсон нь онцлог байлаа. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын урилгаар Испаниас манай улсад ирсэн тэрбээр, "Монгол Улсад анх удаа ирж “Тэмээний баяр”-т оролцож байна" гээд, Монголын соёл, тэмээний соёл гээд бүх зүйл сонин содон туршлага болж байгааг онцлон хэлсэн юм.

Тэрбээр, “Тэмээг мал, амьтан гэж харахаас илүү түүнтэй холбоотой соёл их учраас үүнийгээ хөгжүүлээд явбал Монголд маш их нөөц боломж байна. Тэмээний баярын талаар би өөрийн инстаграмдаа стори, бичлэг оруулахад их олон хүн Монголд ирэх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Улаанбаатар хотыг жижигхэн хот гэж төсөөлдөг хүмүүс цөөнгүй байгаа. Гэвч бодит байдал дээр өөр. Тэмээний баяр үнэхээр гайхалтай байна” гэлээ.


Түмэн тэмээний баярыг найман мянган хүн үзэж сонирхжээ.



Мөн Австрали улсаас ирсэн Пэдди Макхьюгийн гэр бүл Тэмээний баяр, наадмыг амьдралдаа үзэж байсан хамгийн гайхалтай баяр гэдгийг онцоллоо. Эднийх гэр бүлээрээ Австрали улсдаа тэмээний аж ахуйг 50 жилийн турш эрхэлж байгаа бөгөөд улсдаа анх удаа тэмээний уралдааныг санаачлан зохион байгуулсан нь Олон улсын чанартай тэмцээн болж өргөжсөн аж. Тэд Монголд тэмээн соёлыг мэдэж, судлахаас гадна тэмээний аж ахуйтай холбоотой ажил хийхээр төлөвлөн иржээ.


Тэмээний баяр нь монгол тэмээ, түүнийг хариулагч тэмээчид, малчдыг олон нийтэд таниулан сурталчлахаас гадна гадаад, дотоодын аялагч, жуулчдад онгон байгалийн цэвэр агаарт гарч малчид, орон нутгийн амьдралтай танилцах боломжийг олгож буйгаар энэ нь эко аялал жуулчлал юм гэдгийг зохион байгуулагч, Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын холбооныхон онцолж байна. Цаашид, Тэмээний баярыг нутгийн иргэдэд түшиглэсэн байдлаар улам өргөжүүлнэ. Энэ нь аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийн амьдралд ч дэмтэй хэмээн үзэж байна. 

相关新闻