Цагаан сарыг тохиолдуулан Улаан-Үдэд хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газраас Цагаан сарын баярыг тохиолдуулан энэ сарын 10-нд хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулав.
Арга хэмжээнд Буриадын Ардын хурал, Засгийн газар болон бусад байгууллагын төлөөлөгчид оролцсон байна. Мөн үеэр ёс заншлын үзэсгэлэн гаргаж, үндэсний бичиг, өв соёл, үзэсгэлэнт байгаль болон тоглоом наадгай, таван хошуу малын тухай танилцуулж, ардын дуу бүжгээс толилуулсан аж.
Ерөнхий консулын газрын харьяа тойрогт оршин сууж буй монгол хүүхдүүдэд Алаг мэлхий өрөх тоглоомыг зааж сонирхуулжээ.