“Улаанбаатар БҮК”-ийн газарт цамхаг байрлуулахыг зөвшөөрвөл газрын төлбөрөөс 50 хувь чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-16 09:43:24

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод ирэх сараас Францын нэн хөнгөлөлттэй зээлээр “Пома” группийн хэрэгжүүлэх дүүжин тээврийн барилгын ажил эхэлнэ. 1.6 жилийн хугацаанд дуусгахаар төлөвлөсөн уг ажлын эхний шугамыг 6-8 сарын хугацаанд барихх бөгөөд хагас жилийн хугацаанд туршилтаар явуулж байж иргэдэд үйлчлэх юм. Ингэснээр Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно.


Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхдээ аль болох нийтийн эзэмшлийн зам, талбайг сонгосон бөгөөд замын нөлөөлөлд “Улаанбаатар БҮК” компанийн газар өртжээ. Тодруулбал, тус компанийн газарт дүүжин тээвэр явах цамхаг байрлуулах шаардлагатай байгаа тул Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нь холбогдох албаныхан төслийн талаар танилцуулсан байна.

Энэ үеэр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төсөл хөтөлбөрийн албаны дарга бөгөөд ерөнхий менежер Б.Эрдэнэсайхан “Дүүжин тээвэр ашиглалтад орсноор 50-60 автобус явах чиглэлийг нэг шугам л орлоно. Жилийн дөрвөн улирал ашиглах боломжтой. Дуу чимээний бохирдол үүсгэхгүй, эко нийтийн тээвэр гэдгээрээ онцлогтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй. Нэг бүхээгт 10 орчим хүн багтана. Төслийн хүрээнд 15 шинэ стандартыг батлуулж байна” гэв.


Харин хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлд тулгамдаж байгаа асуудал олон бий. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд нийслэлээс хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж байгаа. Дүүжин тээврийн төсөл хэрэгжсэнээр хувийн автомашинаар зорчих хөдөлгөөн буурч, түгжрэлийг багасгахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна. Мөн Эрчим хүчний гудамжны замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил эхэлж байна. Яармагийн шинэ гүүр зургадугаар сард ашиглалтад орно” хэмээн ярилаа.


Нийслэлийн зүгээс “Улаанбаатар БҮК” компанийн газарт цамхаг байрлуулахыг зөвшөөрвөл жил бүр газрын төлбөрийн 50 хувийг чөлөөлж, шаардлагатай тохиолдолд өөр байршилд газар хүсэх боломжтой гэдэг санал тавьжээ.

Харин дээрх компани дүүжин тээврийн цамхаг тавьсны дараа үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт үүсэх вий хэмээн болгоомжилж байгаагаа хэлсэн байна. Тус компанийн ТУЗ энэ асуудлаар хуралдсаны дараа хотын даргад хариу өгөх ажээ. 



相关新闻