Элчин сайд М.Игавахара Хархорум музейд зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Игавахара Масарү Хархорум музейд энэ сарын 15-нд зочлов.
Энэ үеэр Элчин сайд Игавахара Масарү Хархорум музейн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
2009 оны Монгол Улсын Засгийн газрын 271 дүгээр тогтоолоор Дэлхийн өв Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Их Монгол Улсын нийслэл Хархорум хоттой холбогдолтой түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий Хархорум музей байгуулагдсан.
Хархорум музей байнгын болон түр үзэсгэлэнгийн танхим, гадна үзэсгэлэнгийн талбайтай. Байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимд Чулуун зэвсгийн үе, Хүрэл зэвсгийн үе, Эртний улсуудын үе, Их Монгол улсын үед хамаарах үзмэрүүд тавигдсан байдаг. Орхоны хөндийгөөс олдсон чулуун дурсгалууд, Хархорин хотыг анх малтсан эрдэмтэн судлаачдын тухай, тэдгээрийн судалгааны үр дүнгээс олдсон зарим үзмэрүүд тухайлбал, мэлхий чулууны нуруун дээр босгож байсан гэрэлт хөшөөний хэсэг, барилгын материал шатааж байсан зуухны үлдэгдэл, сүмийн шалан доорх халаалтын системийн үлдэгдэл, Чингис хаан, Өгэдэй хаан, Гүюг хааны хийлгэж байсан мөнгөн зооснууд, Ил хаант улсын үед гаргаж байсан мөнгөн зооснууд, барилгын хавтан шал, Хубилай хаанаас Марко Полод олгож байсан гэрэгэ, Хархорины буддын сүмийн тууринаас олдсон шавар бурхадын баримал болон цацнууд, ваар савнууд, Араб бичээстэй гэрэлт хөшөө, Хубилай хааны цэргийн жанжны эмээл ба дөрөө, Монголын эзэнт гүрний цэргийн нум сумны зэвнүүд гэх мэт олон чухал олдворыг дэлгэн үзүүлдэг.