Зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын мэдээлснээр, өнөө шөнө Төв аймгийн өмнөд, Дундговь, Өмнөговийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд, Сүхбаатар, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Дорноговийн зүүн, Дорнодын өмнөд, Сүхбаатарын өмнөд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна.
Энэ сарын 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг Улсын онцгой комисс онцгойлон анхааруулж байна. Түүнчлэн цаг агаар болон автозамын нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлээс гарах бүх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна.