Улсын онцгой комиссын дансанд нэг тэрбум төгрөгийн хандив цугларчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-26 11:56:21

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссоос өдөр бүр 11:00 цагт цаг, үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байгаа билээ.


Энэ үеэр малчдад өгч буй хандив, тусламжийн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Одоогоор 2829 малчин өрхөд өвс, 36108 малчин өрхөд тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байна. Тэжээлийн хангалт буюу “Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит компанид хадгалж байсан тэжээлийн будааг төмөр зудтай болон цагаан зудтай аймгуудад хүргэх ажлыг гүйцэтгэж байгаа. Тодруулбал, 14 аймгийн 111 суманд тэжээл хүргэж байна. Ингэхдээ нэг суманд 150-175 тонноор тооцож хуваарилсан. Өнөөдрийн байдлаар, нийт зургаан аймаг Хөдөө аж ахуйн корпорацтай 3500 тонн тэжээл авах гэрээгээ байгуулж, татах ажил эхэлсэн. Тухайлбал, Баянхонгор, Төв, Хэнтий аймаг тэжээлийн будаагаа татан авч, цааш сумд руугаа хүргэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна” гэлээ.


Тэрбээр үргэлжлүүлэн, “Хүнс, шаардлагатай эм, тариаг хүргэх ажлыг хоёр дахь шатны хүргэлт болгохоор төлөвлөж байгаа. Улсын онцгой комисс, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд иргэд, аж ахуй нэгжүүд идэвх санаачилга гаргаж малчдад туслах хандив зохион байгуулж, УОК-т өгсөн. Өнөөдрийн байдлаар, нэг тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, 562 сая төгрөгийн бараа материал цуглараад байна. Олон улсын хүмүүнлэгийн байгууллага, манай улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тусламжийн хүрээнд долоон аймгийн 64 сумын 174930 малчин өрхөд тэжээл, эрүүл мэндийн багц зэргийг олон улсын 17 байгууллагаас хүргүүлж байгаа” хэмээв.  

相关新闻