“Ерөөлтэй аялгуу” цомгийн баярт 150 гаруй уран бүтээлч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-09-30 15:17:37

ХЦДБЧ-ын гоцлол дуучин МУГЖ Б.Ганчимэг, Улсын Филармонийн гоцлол дуучин СТА С.Баттулга нарын “Ерөөлтэй аялгуу” цомгийн баяр, хамтарсан тоглолт өнөөдөр 19:00 цагт Тусгаар тогтнолын ордны концертын танхимд болно.

2004 оноос эхлэн хамтарсан уран бүтээлээ туурвиж  эх орон, нутаг ус,  элбэрэл хайр, гэр бүлийн нандин бүхнийг багтаасан тус цомог энэ онд хэвлэлтээс гарч, сонсогч түмний хүртээл болсон юм. Цомогт нийт 18 дуу багтсанаас 8 дууг нь уран бүтээлчид хамтран дуулжээ.

Тоглолтод Улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач СТА Д.Түвшинсайхан, сонгодог дөрвөл хөгжимчид, ХЦДБЧ-ын найрал хөгжим, УГЗ хөгжмийн зохиолч, хурандаа Б.Ганхуяг, СТА Н.Даваасүрэн, найрал дуучид, бүжигчид болон  зочин уран бүтээлчээр Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад, СГЗ, хөгжим судлаач Ч.Буянхишиг, МҮОНР-ийн дэргэдэх хүүхдийн найрал дууны “Улаан бүч” чуулга зэрэг нийт 150  гаруй уран бүтээлч оролцоно.

Уран бүтээлчдийн хувьд тус бүрдээ бие даасан болон цуврал 10 гаруй тоглолт, бие даасан гурав, гурван цомог гаргасан бөгөөд энэхүү цомог нь 10 гаруй жилийн хамтын уран бүтээлийн анхны цомог юм.   

Тоглолтын зохион байгуулагчаар “Эрхэм” урлагийн товчоо ажиллаж байна.

Ж.Болор

相关新闻