Эртний хатдаас эхлээд эгэл жирийн монгол эмэгтэйн дүр төрхийг дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэнг 4 дэх удаагаа толилуулж байна.
Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан тус музейн сан хөмрөгийн цуглуулгаас дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.
Үзэсгэлэнгээс үе үеийн уран бүтээлчдийн оюуны бүтээл, хүний сэтгэл зүрх, дотоод ертөнцийн илэрхийлэл бүсгүй хүнийг дүрсэлсэн бүтээлүүдэд тусгалаа хэрхэн олсныг тольдох боломжтой.
Тус музейд хадгалагдаж буй чулуугаар урласан 1.2х0.4 хамгийн жижиг хэмжээтэй Нархажид, ур урлалын төгс илэрхийлэл болсон Дара эхийн дүрүүд тэргүүтэй эмэгтэй дүртэй бурхад, эртний үеийн хатдаас эхлээд эгэл жирийн монгол эмэгтэйн дүр төрхийг дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээж туурвисан 150 гаруй бүтээлийг дэлгэжээ. Мөн Энэхүү үзэсгэлэнд ӨМӨЗО-ы зураач Баянсангийн Сүхээ, зураач Снежина Полгенчева, ОХУ-ын гавьяат зураач Ф.С.Торховоос тус музейд бэлэглэсэн цуглуулгаас, Болгарын уран бүтээлч П.Клисурова нарын зураач урчуудын “Монгол эмэгтэй” хүнийг дүрслэн илэрхийлсэн бүтээлүүдийг үзэх боломжтой.
Үзэсгэлэнд дэлгэж буй хосгүй үнэт, үнэт, дахин давтагдашгүй онцлог бүтээлүүдийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, соёлын өв, урлагийн түүхийг сурталчлан дэлгэрүүлж олон нийтэд таниулахад гол зорилго оршиж байгааг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн Эрдэм шинжилгээний ажилтан Д.Гоомарал тодотгов.
Тэрбээр хэлэхдээ, “Монгол оронд XVII-XX зууны эхэн үед бурхны шашин, урлаг хүчтэй хөгжсөн учраас эмэгтэй хүний гадаад төрх, дотоод сэтгэлийн сайхныг монголчууд Дара эх, Нархажид, Балданлхам бурхны дүрээр илэрхийлэн урласан байдаг. Хэдий бурхны дүртэй боловч өөрийн ээж, эмэгтэй хүнийг үзэх сайн сайхан үзлийн дагуу үе үеийн уран бүтээлчид монгол эмэгтэй хүнийг дүр төрхийг урлан ирсэн” гэв.
Тус үзэсгэлэнгээс уран Сүрэн гэдэг хүний XX зуунд урласан Нархажид бурхны сийлбэрийн хоёр бүтээлийг онцолж байна. Уран Сүрэн маш олон бурхан урласнаас хамгийн ур хийц сайтай, урлагийн түвшинд хамгийн дээд цэгтээ хүртэл бүтээсэн гэж үзэж болох Нархажид бурхныг 1.2х0.4 буюу хамгийн жижиг хэмжээтэй, хув чулуугаар урлажээ.
Мөн Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын эх Ханджамц хатны хөрөг. Г.Занабазарын бүтээлүүдийн оргилын нэг, эхийн элбэрэл ачлалыг шүтэн хүндэтгэсний илрэл болсон эх Ханджамцын хөрөг зургийг тэрээр өөрийнхөө мутраар бүтээсэн байна. Тэрээр зургийг бүтээхдээ уян зөөлөн сэтгэлтэй, эрдэм үйлс төгс эх хүний дүрийг бурхны дүрээр харуулсан байдаг. Өөрийн эхийг бурхантай адилтган зүйрлэсэн нь монголчууд эмэгтэй хүнийг оюун санааны хувьд эрхэмлэн хайрлаж үздэг нандин үзэл нь Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлд илрэлээ олсон байдаг. Эл бүтээлд Өндөр гэгээн Занабазар эх Ханджамц хатныг цэцэгс дунд сууж буйгаар, таван тахилтай, гартаа судар барьсан байдлаар бүтээжээ.
“Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт: Музейн үнэт цуглуулгаас” үзэсгэлэн өнөөдрөөс 10 хоногийн турш үзэгчдэд нээлттэй байх юм.