Англи хэлний сургалтад дэмжлэг үзүүлэхээ Элчин сайд нар илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-03-06 10:59:02

Улаанбаатар, 2024 оны гуравддугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Засгийн газрын тогтоолоор баталсан “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын англи хэлний боловсролыг сайжруулах хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа.


Энэхүү уулзалтыг БШУЯ, Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан юм. 

Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хөтөлбөрийн шинэчлэл, сургуулийн болон багшийн үнэлгээ, багшийн чадавх, үр дүнд суурилсан санхүүжилт, сургуулийн менежмент, цахим шилжилт зэрэг боловсролын салбарт хийгдэж буй томоохон зургаан шинэчлэлийн талаар танилцуулав. Мөн зөвхөн англи хэл төдийгүй Монгол Улсын ерөнхий боловсролын салбарыг олон улсын түвшинд хүргэж дэлхийд өрсөлдөхүйц монгол иргэнийг бэлдэхэд манайд  хэрэгжиж эхлээд буй англи хэлний “Pearson”, математикийн “Eduten” хөтөлбөр болон цаашид хийхээр төлөвлөж буй ажил, хүрэх зорилгыг танилцууллаа. 

Олон улсын төлөөлөгчид Монгол Улсын БШУЯ-наас англи хэлний мэдлэг, боловсролыг бүх нийтэд нэмэгдүүлэх хүрээнд шинийг эрэлхийлэн олон улсын боловсролын байгууллагын стандартыг нутагшуулах ажлыг эхлүүлж байгааг сайшаан, цаашид англи хэлний багш нарын чанар, тоог нэмэгдүүлэх, багш болон сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.


Уулзалтад АНУ, Их Британи, Канад, Австрали, Энэтхэг, Франц зэрэг улсын Элчин сайд нараас гадна англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Чех, Польш, Солонгос зэрэг улсын Элчин сайд нар, Энх тайвны корпус, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийг ивээх сан зэрэг олон улсын байгууллагын удирдлагууд оролцсон юм.



相关新闻