Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, морин хуурч Д.Шинэцог-Гени нар үндэсний хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд болон шинээр найруулсан хөгжмийн бүтээлийн өвөрмөц тоглолт ирэх сарын 4-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна.
Уг тоглолтын гол дүр нь ятгын “Хатан хаан” гэгдэх Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, морин хуурын шинэ хэмнэлийг мэдрүүлэгч, морин хуурч Д.Шинэцог-Гени нар байх юм. Ятга, алтай ятга, морин хуур, икэлд зориулсан анхны хослол “Амьдрал” нэртэй энэхүү тоглолтод зориулан Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Өлзийбаяр цоо шинэ бүтээл бүтээж байгаа бөгөөд шинэ бүтээл тоглолтын төгсгөлд анх удаа эгшиглэх ажээ.
Тоглолтод
Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Зундуйн Хангал, Төрийн соёрхолт, хөгжмийн
зохиолч Цогзолын Нацагдорж, Хөдөлмөрийн баатар, “Чингис хаан” одонт Бямбасүрэнгийн
Шарав, Төрийн хошой шагналт, Хөдөлмөрийн баатар Нацагийн Жанцанноров, Урлагийн
гавьяат зүтгэлтэн Шатарын Өлзийбаяр нарын зохиосон Монголын хөгжмийн урлагт
шинэ өнгө төрх авчирсан, өнөөг хүртэл үзэгчдийн чихэнд хоногшиж, сэтгэлд
мөнхөрсөн бүтээлүүдийг эгшиглүүлнэ.