Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хамтран Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг ирэх сард зохион байгуулна.
Засгийн газраас өнгөрсөн оны 11 дүгээр сарын 3-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн оны 205 дугаар тогтоолоор байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Г.Амартүвшин, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Ж.Чинбүрэн нар ажиллаж буй.
Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй https://d.parliament.mn/tusul/b6f7905f-c093-403c-b3dc-f7c996791791 холбоосоор танилцах боломжтой.