Өнөөдөр ичигсэд хөдөлж, амьд бие сэргэх ханш нээх өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-04 09:11:12

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хаврын дунд сарын шинийн 20 буюу ханш нээх өдөр өнөөдөр тохиож байна.


“2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр буюу пүрэв гарагт 15:05 цагт ханш нээх улирал эхэлнэ” хэмээн Гандантэгчэнлин хийдээс гаргасан Төгсбуянт монгол зурхайн цаг тооны бичигт тэмдэглэжээ. Энэ өдөр амьд байгалийн амьдрал сэргэж, хөлдсөн болгон гэсэж, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолж эхэлдэг учраас урин цагийн эхлэл, “Ханш нээх өдөр гэж нэрлэдэг байна.


Монголчууд ханш нээх өдрийг дэлгэрч дээшлэх, буян хурах сайн өдөр хэмээн бэлгэшээж ирсэн билээ. Энэ өдөр монголчууд адуун сүргийнхээ морьд, сувай гүүний дэлийг засаж, уламжлал заншлынхаа дагуу хязаалан үрээгээ хөнгөлдөг. Хот газрынхны хувьд хашаа хороо гудамж талбайд мод бут, сөөг тарьж цэцэгжүүлбэл буяны үйл болно. Мөн ханш нээх өдөр ямааны ноолуурт сам хүргэдэг домтой.


Ноолуур үнэд орсон арилжаа наймааны өнөө үед энэ бэлгэт сайн өдөр ямаагаа самнаж эхэлбэл сайн. Энэ өдөр гэртээ сан, утлага уугиулж, хийхээр зэхэж буй ажлаа эхлүүлж болно. Үр тариа үржиж, мал амьтан төллөдөг учир ажил үйлс ч бүтэх нигууртай гэж үздэг.

相关新闻