Орос хэлний хичээлийн цагийг нэг дахин нэмэх шаардлага тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-10-04 13:56:55

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд 2016”-ийн хүрээнд Азийн орнуудын ОХУ-д төгсөгчдийн үндэсний холбооны чуулга уулзалт өнөөдөр Оросын шинжлэх ухаан соёлын төв /ОШУСТ/-д эхэллээ.

Чуулга уулзалтад Монгол, ОХУ, БНХАУ, Вьетнам, Балбын вант улс, Индонези зэрэг улсын төлөөлөл “Төгсөгчдийн бүх талын хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр ОХУ-д дээд боловсрол эзэмших хэрэгцээ, шаардлага, боловсролын салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар илтгэл тавьж хэлэлцүүлж байна.

Монгол Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Д.Цогзолмаа хэлэхдээ, “Монгол Улсаас ОХУ-д оюутан сургаж эхлээд 95 жил болж байна. Анх 1921 онд Москва хотын Дорно дахины коммунист намын их сургуулийг 15 оюутан зорьж байсан. Энэ цагаас хойш нийт 60 гаруй мянган төгсөгч төрөл бүрийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшиж бэлтгэгдсэн. Энэ төгсөгчид улс орныхоо бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, тэргүүн эгнээнд явж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын гишүүдээс 33 хүн, эрдэмтэн мэргэд, эмч багш, дуучид, соёл урлагийн зүтгэлтнүүдийн ихэнх нь ОХУ-д төгссөн. Мөн Монголын бүх эрдэмтдийн 50 гаруй хувь, инженер техникийн ажилтнуудын 60 гаруй хувь нь ОХУ-д зэрэг хамгаалсан байдаг” гэв.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх ОШУСТ-ийн захирал Е.Г. Михайлов илтгэлдээ, Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу жилд 300-400 оюутан ОХУ-д тэтгэлгээр суралцаж байна. Сүүлийн 3 жилд 1000 гаруй оюутан суралцсан. Гэвч оюутнуудад орос хэлний мэдлэг дутмаг байдаг учир орос хэлний сургалтын түвшнийг сайжруулах шаардлагатайг онцлов. Хөдөө орон нутгийн сурагчид бусад төрлийн хичээлдээ сайн сурдаг ч орос хэлний мэдлэг дутуугаас ОХУ-д суралцах боломж нь хязгаарлагдмал байдаг. ЕБС-ийн 7-9 дүгээр ангийн хичээлийн хөтөлбөрт орос хэлний хичээл долоо хоногт 2-3 цаг ордог нь үнэхээр дутагдалтай тул БСШУЯ-нд орос хэлний хичээлийн цагийг нэг дахин нэмэх шаардлага тавина. Үүнд төрийн хэмжээний бодлого хэрэгтэйг чуулганд ороцогчид санал нэгдэж байв.

Монголоос ОХУ, ЗХУ-д сургууль төгсөгчдийн /МАВСУЗ/ холбоо нь 1972 онд байгуулагдсан. Нийт 40 гаруй мянган төгсөгчтэй бөгөөд тус холбоонд ОХУ-ын Боловсролын яамнаас тэтгэлгээр суралцах хуваарь өгдөг байсан бол энэ жилээс өгөхөө больсон. Тиймээс энэ хуваарийг сэргээх асуудлыг тавих, орос хэлний сургалтыг өндөр түвшинд гаргах, хичээлийн цаг, багшийн орон тоог нэмэх асуудлыг тавихаар төлөвлөжээ.

Тус чуулга уулзалт энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор


 

 

相关新闻