“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчилнэ гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-10-04 14:22:17

Хотын дарга С.Батболд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Налайх дүүргийн иргэн Т.Энхсайхан, Зам барилгын ажилд ашиглахад тохиромжтой уулын чулуу олборлож буй бөгөөд үйл ажиллагааг нь бодлогоор дэмжин ажиллахыг хүслээ.  

Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэхдээ, “Нийслэлд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох,  ашиглах талаар шинэ бодлого баримтлан ажиллана. Зам барилгын ажилд нийлүүлж байгаа хайргыг Туул голын сав газраас олборлож буй нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөх төдийгүй тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг зөрчиж байна. Шувуун фабрик, Сонгино орчимд амьдардаг  иргэдээс хайрга, дайрганы үйлдвэрлэлийг зогсоох, цэгцлэх хүсэлт ихээр ирүүлдэг. Тиймээс нийслэлийн хувьд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, нийлүүлэх талаар бодлого боловсруулна. Тодруулбал, хотын зам, барилгын ажилд шаардагдах хайрга, дайргын хэрэгцээг голын хайргаар биш уулын дайргаар хангадаг байхаар шийдвэрлэнэ” гээд түүний үйл дэмжин ажиллахаа илэрхийллээ.   
Хотын даргатай  нүүр тулан уулзаж, нийгмийн асуудлаа шийдүүлэх хүсэлтэй иргэд цөөнгүй иржээ. Тэд амьдралын нөхцөл боломж тааруу, хүнд орчинд амьдарч байгаагаа учирлаж, хямд үнэтэй түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ илэрхийллээ. 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахад хувь нэмрээ оруулж буй иргэн Б.Чулуундолгор уулзалтын үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл”  зөвлөлийн үйл ажиллагааг цаашид үргэлжүүлэх, тэдний дуу хоолойг сонсож, хамтран ажиллахыг хүссэн юм. Нийслэлийн Засаг дарга С.Батболд тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн ирэх долоо хоногоос үйл ажиллагааг  нь эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа хэллээ.

 Б.Заяа

Гэрэл зургийг Т. Чимгээ

相关新闻