“Тогтвортой хөгжлийн төлөөх долоо хоног” арга хэмжээний үеэр тээврийн асуудлыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-19 08:36:10

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Нью-Йорк хотноо энэ сарын 15-19-ний өдрүүдэд болж буй “Тогтвортой хөгжлийн төлөөх долоо хоног” арга хэмжээний хүрээнд тогтвортой тээвэр, дэд бүтэц, аялал жуулчлал, эрчим хүч, өрийн тогтвортой байдал, нийгэм, эдийн засгийн тэгш байдал зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна.


Тогтвортой тээврийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой өндөр түвшний уулзалт энэ сарын 17-нд болж, төлөөлөгчид тогтвортой хөгжилд тээврийн салбарын оруулж буй хувь нэмэр, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ. Тогтвортой тээвэр нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, ханган нийлүүлэлтийн сүлжээг хөнгөвчлөх, худалдаа, интеграцчлалыг нэмэгдүүлэх, хүн бүрийг тэгш боломжоор хангахад чухал үүрэгтэйг төлөөлөгчид тэмдэглэсэн юм. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин өндөр түвшний уулзалтад оролцож, тогтвортой тээврийг хөгжүүлэх чиглэлээр үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, түүний дотор Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт болох Боомтын сэргэлтийн талаар танилцуулав.


Түүнчлэн Гадаад харилцааны дэд сайд манай улсын санаачилгуудыг онцолж, Монгол Улс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлан таниулах дэлхий нийтийн аянд нэгдсэнийг танилцуулсны зэрэгцээ манай улсын санаачилгаар Улаанбаатар хотноо байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдэхийг ДГХБО-дад уриаллаа.



相关新闻