Хатан Туулыг хамгаалах үйлсэд сэтгүүлчид нэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМТуул голыг хамгаалах зорилго бүхий “Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээ” (БОСС) өнөөдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэв.
“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-аас энэ оны 5 дугаар сарын 01-нд “Хатан Туул хатаж ширгэх учиргүй” сэтгүүл зүйн шилдэг бүтээл, “Хатан Туулыг хамгаалах арга зам” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулсан. Уралдаанд оролцсон сэтгүүлч болон иргэд хамтран БОСС-г байгуулж байгаа бөгөөд тэргүүнээр “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Энхзаяа ажиллах юм.
Тус уралдааны эцсийн дүн өнөөдөр гарсан бөгөөд телевизийн нэвтрүүлгийн төрөлд тэргүүн байрыг “Монголын мэдээ” сувгийн сэтгүүлч, редактор С.Тунгалаг, хоёрдугаар байрыг ТМ телевизийн сэтгүүлч Д.Замбага, сонины нийтлэлийн төрлөөр тэргүүн байрыг “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Энхзаяа, хоёрдугаар байрыг times.mn сайтын сэтгүүлч Э.Азжаргал эзэллээ. Харин уран илтгэлийн уралдаанд тэргүүн байрыг МУИС-ын оюутан О.Оюун-Эрдэнэ, хоёрдугаар байрыг Отгонтэнгэр их сургуулийн оюутан Н.Булгантамир, гутгаар байрыг “Шавь” цогцолбор дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Нандин-Эрдэнэ эзэлсэн юм.
“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа “Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд хамтран 2014 оноос бохирдолд их өртсөн газруудад олон төрлийн судалгаа хийсэн. Төр засгийн анхаарлыг энэ асуудалд хандуулахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс сэтгүүлчид болон иргэдийн дунд уралдаан зарласан. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийн шинэ санал, санаачлагыг олон нийтийн үйл ажиллагаа болгон хэрэгжүүлхэд сэтгүүлчид ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Иймээс уралдаанд оролцсон хүмүүсийг нэгтгэн БОСС-г байгуулж байна” хэмээв.
БОСС-ний тэргүүн Б.Энхзаяа “Манай сүлжээний эхний зорилго бол Туул голоо хамгаалах. Туул голоо хамгаалах, бохирдлын шалтгааныг тодруулах чиглэлээр манай сэтгүүлчид эрэн сурвалжлах нийтлэл, нэвтрүүлгийг бэлтгэх юм. Бидний үйл ажиллагаа үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Г.Даваамаа