“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрт хамрагдсан 150 оролцогч батламжаа гардан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-11 16:40:56

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулсан “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөр өнөөдөр хаалтаа хийж, оролцогч хүүхдүүд, багш нар, хамтран ажилласан байгууллагуудад батламж гардуулах ёслол Төрийн ордонд боллоо.


УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Ардчилал бол хүн төрөлхтний олон мянганы түүхэн сорилтоор бий болж, цаг хугацааны шалгарлын давсан хамгийн үнэ цэнтэй зүйл юм. Ардчиллын тулгуур суурь нь парламент бөгөөд парламентын ардчиллыг сахин хамгаалж, сайтар хадгалж, улам чамбайруулан хөгжүүлэхийн тулд түүний зарчим, мөн чанар, ач холбогдлыг нийгмийн оюун санаанд арилшгүйгээр суулгаж өгөх шаардлагатай юм. Учир нь ардчилал ихээхэн эмзэг бөгөөд хүн төрөлхтний түүхийн олон удаагийн сорилтоор эрсдэлд орж, нуран унаж байсан гашуун сургамжууд бий. Тиймээс ардчиллын тулгуур болсон парламентын боловсролыг өсвөр үеийнхэн, залуучууддаа олгож, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны мөн чанар болсон ардчилсан зарчмыг ухамсарлуулах, улмаар нийгмийн хариуцлагатай, идэвх оролцоотой иргэдийг төлөвшүүлэх ажилд ардчилсан улс орон бүр онцгойлон анхаардаг.


Бидний явуулж буй “Парламентын боловсрол” хөтөлбөр ч мөн ялгаагүй, дэлхийн улс орнуудын нийтлэг жишгээр хүүхэд залуучуудад ардчилал, хууль тогтоох үйл ажиллагаа, түүний суурь зарчмууд, парламентын ардчиллын үндэс суурь, арга хэрэгслүүдийн талаарх мэдлэг, хүний эрх, шударга ёс, эрх тэгш байх зарчмын цөм ойлголтуудыг өгч, энэхүү олж авсан мэдлэг хандлагаараа гэр бүл, сургууль, найз нөхдөө үлгэрлэх боломж бүрдүүлэхэд чиглэдэг. “Мэдлэг бол хүч” бөгөөд иргэд залуучууд зөв мэдлэгтэй байж гэмээнэ улс орон хүчирхэгждэг учиртай. Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуусыг хүчирхэгжүүлэх бүрэн зөв мэдлэг, мэдээлэл өгөхийг зорьдог парламентын боловсрол хөтөлбөрийн хамгийн том зорилго бол Монгол орныхоо өнцөг булан бүрд сурч боловсорч байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, амьдарч буй нутаг орчиндоо эергээр нөлөөлдөг, нээлттэй сэтгэж, хариуцлагатай байдаг, идэвхтэй иргэд болгож төлөвшүүлэх юм” хэмээв.


Тэрбээр цаашид “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн агуулга чанарыг тасралтгүй сайжруулж, илүү гүнзгийрүүлэхийн зэрэгцээ оролцогчдын хүрээг тэлж өргөжүүлэхээр ажиллаж байгааг дурдаад, хөтөлбөрийн оролцогчдыг өөрсдийн сурсан мэдсэнээ бусдадаа түгээж, найз нөхөд, анги хамт олон, багш нар, нутаг орныхоо засаг захиргааны байгууллагатай хамтран бүтээлч ажлуудыг өрнүүлж, үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа хөгжих нь чухал. Үүнийг л оролцоо, нөлөөлөл, үлгэрлэл дуурайлал гэнэ хэмээн онцлон тэмдэглэлээ. Мөн “Эрүүл хүүхэд-Эрүүл орчин” сэдвээр зохион байгуулсан энэ удаагийн хөтөлбөрт оролцогчдоос дэвшүүлсэн санал санаачилгыг УИХ нэг бүрчлэн судалж, оновчтой, үр дүнтэй, дэвшилттэй, хүртээмжтэй хэлбэрээр ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.


“Өсвөрийн парламент” хөтөлбөр НҮБ-ын Хүүхдийн сангийн жишиг хөтөлбөрийн нэгээр шалгарсныг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа онцлоод, цаашид улам өргөжин олон улсад хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Үе тэнгийнхэндээ эерэг нөлөөллийг үзүүлж чадахуйц идэвх санаачилгатай, мэдлэгтэй оролцоотой иргэдийг төлөвшүүлэхэд уг хөтөлбөрийн үүрэг чухал ач холбогдолтой гэв. Энэ удаагийн хөтөлбөрт анх удаа Монгол Улсын өнцөг булан бүрээс шалгарсан 150 оролцогч оролцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй болсноороо онцлог юм. Тус хөтөлбөр “Эрүүл хүүхэд-Эрүүл орчин” сэдвийн дор зургаан сарын хугацаанд оролцогчдод орчны эрүүл мэндийн чиглэлээр мэдлэг мэдээлэл олгохын зэрэгцээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын боловсролыг олгож, шийдвэр гаргах түвшинд өөрсдийн дуу хоолойг үр дүнтэй хүргэхэд шаардлагатай мэдээллийг өгчээ.


Энэхүү хөтөлбөрөөр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчин ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, уур амьсгалын өөрчлөлийн эсрэг үе тэнгийнхэндээ эерэг нөлөөллийг үзүүлэх чадварыг олгохыг зорьдог.



相关新闻