БАЯНХОНГОР: Аймгийн хэмжээнд 17 мянган гэр бүл бүртгэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн хэмжээнд 27101 гэр бүл бүртгэлтэй байна. Нийт гэр бүлийн 17 мянга гаруй нь хөдөө сумдад амьдарч байгаа бол аймгийн төвд 10 мянга орчим гэр бүл амьдарч байгаа юм. Үүнээс өрх толгойлон амьдарч буй эцэг, эхийн тоо 4700 шахам, өрх үүсгэн ганц биеэр амьдарч буй өндөр настан 2300 орчим байгаа аж.
Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл гэж үздэг. Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм.
Тиймээс ч Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар 2024 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Жилийн ажлын хүрээнд гэр бүлд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, орон нутагт ажлын байрыг бий болгох чиглэлээр ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд гэр бүл цуцлалт 2022 онд 68 байсан бол 2023 онд 41 болж гэр бүлийн цуцлалт 39.7 хувиар буурсан, гэр бүлийн салалт 2022 онд 53 байсан бол 2023 онд 47 бүртгэгдсэн байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2022 онд 39 гарсан бол 2023 онд 27 гарч 11.3 хувиар буурч, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн илрүүлэлт 11.3 хувиар нэмэгджээ. Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 2022 онд 198 бүртгэгдсэн бол 2023 онд 155 бүртгэгдэж 43 нэгж буюу 21.7 хувиар буурсан бол хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 2023 онд 141 болж өмнөх оноос 11 нэгжээр буурсан байна.
Нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлд зориулсан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх Гэрлэх ёслолын ордон Баянхонгор хотноо 2023 оны 7 дугаар сард үүдээ нээсэн. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг буюу "Алсын хараа 2050", Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Баянхонгор аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2024 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт "Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлж, хүн амын тогтвортой өсөлтийг дэмжиж, идэвхтэй бүтээлч иргэн, гэр бүлийг төлөвшүүлнэ" гэсэн зорилтын хүрээнд цогц ажил өрнөж байгаагийн нэг нь тус бүтээн байгуулалт болжээ.
Тус ордон гэр бүл батлах үйл ажиллагаанаас гадна гэр бүлийн үнэ цэнийн чиглэлээр сургалт сурталчилгааны ажлуудыг хийх Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвийг мөн ажиллуулж байна.