ДАРХАН-УУЛ: Соёлын салбарт шаардлагатай тоног, төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймгийн соёлын байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг аймгийн Засаг дарга хүлээлгэн өглөө.
Тухайлбал сүлжээний инженерүүдэд сүүлийн үеийн хүчин чадал бүхий компьютер, өдөр тутамд ашиглах өнгөт принтер, зургийн аппарат, видео камер, дрон, ухаалаг дэлгэц зэргийг өгөв.
Дөрөв, тавдугаар сард ийнхүү Залуучууд театр, аймгийн музей, Төв номын сан, Хүүхдийн номын ордон, Орхон, Хонгор, Шарын гол сумын соёлын төвүүд 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 25 нэр төрлийн 113 тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангагдаж иргэд, олон нийтэд соёлын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нөхцөл боломж бүрдэж байна.
Соёлын салбарт хийсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна орон нутгийн төсвийн 394.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Залуучууд театрын гадна шатыг шинэчлэн засварлах, кино павильон байгуулах ажлыг хийж байна.
Мөн ирэх
онд Залуучууд театрын дугуй танхимын засвар үйлчилгээний зардлыг орон нутгийн
төсөвт суулгаж шийдвэрлэнэ гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал тоног төхөөрөмж
хүлээлгэн өгөх үеэр хэллээ.