Сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэнд зөөврийн цэнэг хураагуур зонхилов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны
тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Инновац, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг” олон
улсын үзэсгэлэн, хурал өнгөрсөн 7 хоногт боллоо.
Үзэсгэлэнд сэргээгдэх
эрчим хүчний нарны толь, хүчдэл хувиргагч ухаалаг төхөөрөмж, халаалалт, дулааны
смарт (hybrid) систем зэрэг шинэ шийдлийн бүтээгдэхүүнийг дэлгэж, суурилуулж
угсрах үйлчилгээг танилцуулсан нь хэрэглэгчдийн сонирхлыг их татаж байлаа.
Хамгийн гол нь цахилгаан
хуримтлуулдаг төхөөрөмж нь эрчим хүчийг айл өрх, албан байгууллага хэрэглэхээс
гадна төвийн цахилгаан дамжуулах сүлжээнд эргээд нийлүүлж болдог, тэр
хэмжээгээр урамшуулал, төлбөр авдаг боломж, давуу талтайг танилцуулсан юм.
Үзэсгэлэнд гадаад, дотоодын
компаниуд цэнэг хураагуур төхөөрөмж, ялангуяа зөөврийн хураагуурыг зонхилон дэлгэсэн
юм. Хуримтлуур, цэнэг хураагуур төхөөрөмж нь шөнийн цагаар цахилгаанаа нөөцөлж,
төвийн эрчим хүчний сүлжээ эрчим хүчээр тасалдах нөхцөлд чухал хэрэглээнээсээ
бүх хэрэглээ хүртэл тодорхой хугацаанд хуримтлуулсан нөөцөө хэрэглэдэг онцлогтой
аж. Үзэсгэлэнгийн үеэр иргэд, хэрэглэгч нар цахилгаан эрчим хүч хэмнэх энгийн
аргуудтай танилцлаа.
Иргэд тус үзэсгэлэнд тавьсан
сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, техник технологитой нийслэлийн бизнес
Инновац хөгжлийн газарт хандан үргэлжлүүлэн танилцах боломжтойг зохион
байгуулагч нар мэдээллээ.
Олон улсын үзэсгэлэнд БНХАУ, ОХУ болон дотоодын 50 гаруй компани оролцож инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний технологийг танилцуулсан юм.