Багш, оюутнууд дулаалгын материал, эм, гоо сайхны нэмэлт бүтээгдэхүүн гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-24 17:09:25

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Багш, оюутны старт-ап-2024” хөтөлбөрийн нээлт МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд өнөөдөр боллоо.  

МУИС-ийн Шинжлэх ухаан-технологийн “Улаанбаатар” паркийн захирал О.Мөнхбатын мэдээлснээр, сүүлийн 5 жилийн хугацаанд дээрх хөтөлбөрийн дүнд 5-6 старт-ап буюу гарааны компани гарч, тогтворжин үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Сургууль хөрөнгө оруулж, санхүүжүүлээд явж байна гэв.

Хөтөлбөрийг мөн гадаадын төсөл, хөтөлбөрөөс санхүүжүүлдэг. Үүний нэг том жишээнд “Рио Тинто Монгол” компани орж байгааг Шинжлэх ухаан-технологийн “Улаанбаатар” паркийн Технологи дамжуулах төвийн менежер Д.Батдулам нэмж хэллээ.


“Багш, оюутны старт-ап-2024” хөтөлбөр нь МУИС-ийн 2014 онд байгуулсан Удирдлага-дамжуулалтын төвөөс үүдэлтэй аж. Шинжлэх ухаан-технологийн “Улаанбаатар” паркийг өнгөрсөн оноос байгуулан ажиллаж байна. Лабораторид бий болсон мэдлэг, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гол зорилготой.

Инновацын бүтээлд тавьдаг стандарт, шаардлагыг хангах, бизнес төлөвлөгөө гаргах, бизнесийн маркетинг хийх, оюуны өмчийг баталгаажуулах зэргээр багш, оюутны гарааны бизнесийг зүгшрүүлэх үүрэгтэй ажиллаж байна гэв.



МУИС-ийн “Багш, оюутны старт-ап-2024” хөтөлбөрт хамрагдах бизнесийн багууд жил бүр 10-аар нэмэгдэж иржээ. Тус хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд нэг мянга гаруй оюутан, 100 багш хамрагджээ. Энэ удаагийн хөтөлбөрт 200 оюутан, 20 багш оролцож байна.





Сургуулийнхаа дэргэд хатуу, шингэн, тосон гэсэн суурь бүтэцтэй үйлдвэрлэлийн 3 цех шугам байгуулан ажиллаж буйг МУИС-ийн Шинжлэх ухаан-технологийн “Улаанбаатар” паркийн захирал О.Мөнхбат хэллээ. Үйлдвэрлэлийн цехүүд хуучнаар “Улаанбаатар” их сургуульд байрлаж байгаа. Тус сургууль МУИС-д нэгдээд Шинжлэх ухаан-технологийн “Улаанбаатар” парк болсон гэв.


Хөтөлбөрийн хүрээнд багш, оюутнуудын хоёр ч бүтээгдэхүүн зөвшөөрөгдөн гарчээ. Ханын дулаалгын материал, байгаль орчин, экологийн чиглэлээр, мөн хүнсний үйлдвэрлэл эмийн болон гоо сайхны нэмэлт бүтээгдэхүүн хийж байна. 


Шинжлэх ухаан-технологийн “Улаанбаатар” паркийн Технологи дамжуулах төвийн тухайд, “Манайх МУИС-ийн дэргэдэх, багш, оюутнуудын бүтээл, иннновацын санаа, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжих үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Багш нарын бүтээл, иннновацын санаа, оюуны өмчийн олон судалгаа, шинжилгээний бүтээлийг бизнес болгох шууд утгаар ажилладаг. Багш, оюутны старт ап хөтөлбөрийн хүрээнд гарааны компаниудыг бойжуулдаг” гэж Технологи дамжуулах төвийн менежер Д.Батдулам хэллээ.


-Багш, оюутнуудын бүтээлийг яаж дэмждэг вэ? Ямар шаардлагаар шалгаруулан санхүүжүүлж байна вэ?

-Одоогоор санхүүжилтийн шууд механизмыг хараахан бүрдүүлж амжаагүй байна. Ерөнхийдөө манай МУИС-ийн багш, оюутны төсөл, хөтөлбөрийг сургуулийн дотоод санхүүжилтээс өгч байгаа. Жил бүрийн нь хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Гарааны санхүүжилтийг олгодог. Хамтын оролцоог хангаж өгдөг. Оюуны өмчийн газарт бүртгүүлэх, патент авах хууль эрх зүйн орчны шат дамжлага, үйл ажиллагааг хангахад тусалдаг гэв.


Шаардлагын хувьд багууд байгууллагын стратегийг хөгжүүлэх болон бизнес, маркетингийн чиглэлээр 4 сарын сургалтад хамрагдаж, тэндээсээ шалгаруулж санхүүжүүлдэг байна. Гол санхүүлэгчийн нэг “Рио Тинто Монгол” ХХК-ийн Түншлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Түвшинжаргал хэлэхдээ, “Бид “Багш, оюутны старт-ап” хөтөлбөрийн гарааны компаниудыг анх 90 сая төгрөгөөр дэмжиж байсан бол 2022-2025 оны хөтөлбөрийг 300 сая төгрөгөөр санхүүжүүлэх болсон” гэв. 

相关新闻