ЗАВХАН: Хорт зуршлаас сэргийлэх нөлөөллийн ажлыг 82 мянга гаруй хүнд хүргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН![](/files/665980f735863.jpeg)
Улиастай, 2024
оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Завхан аймагт халдварт бус
өвчлөлөөр эмнэлэгт хандсан иргэдийн 53 хувь нь тамхи татдаг иргэд байна.
Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр. Жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийг дэлхийн тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг.
Завхан аймагт 2022 онд 34420, 2023 онд 48650 гаруй хүн халдварт бус өвчлөлөөр эмнэлэгт хандсан байна.
Халдварт бус өвчлөлийн
эрсдэлт хүчин зүйлд тамхины хамаарал ордог. Өөрөөр хэлбэл зүрх судасны өвчин,
тархины цус харвалт, хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг бөглөрөлт өвчний
эрсдэлт хүчин зүйл нь тамхи юм.
Амьдралын хэв
маяг, зан үйлийн буруу дадал, хэвшлээс үүдэлтэй өвчин эмгэгийг халдварт бус
өвчин гэж нэрлэдэг.
Тиймээс халдварт бус өвчлөлөөр өвдөхгүйн тулд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх хэрэгтэйг зөвлөж, тамхи татахгүй байх, татгалзах, дам тамхидалтаас сэргийлэхийг эмч нар зөвлөж байна.
Завхан аймаг тамхины хор хөнөөлөөс сэргийлэх зорилтот нөлөөллийн ажлыг жил бүр төлөвлөгөөний дагуу хийж байна.
Энэ жил "Тамхи үйлдвэрлэлийн хөндлөнгийн оролцооноос хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалцгаая" уриатай дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.
Өнгөрсөн жил Улиастай сумын ерөнхий боловсролын 5 сургуулийн 11-ээс дээш насны 1036 сурагчийн дунд тамхины хэрэглээний талаар судалгаа хийж, хор хөнөөл, электрон тамхины талаарх сэдэвчилсэн сургалт хийж, нөлөөллийн үйл ажиллагааг явуулсан. Энэ жил өнгөрсөн жилийн судалгаанд үндэслэн хүүхдүүдийг эерэг нөлөөллийн үйл ажиллагаанд татан оролцуулж, сургууль бүр дээр хорт зуршлаас сэргийлэх самбар, буланг ажиллуулсан байна.
Мөн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх аяныг жил бүр хийж, өнөөдрийн байдлаар тамхидалт, дам тамхидалтын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой мэдээллийг 41 байгууллагын 743 ажилтанд өгсөн байна.
Сүүлийн хоёр жилд хорт зуршлаас
сэргийлэх сургалтыг 82450 иргэн, давхардсан тоогоор 840
байгууллагын 22140 ажилтан албан хаагчдад зориулан хийсэн байна.
Мэргэжлийн
байгууллагуудтай хамтарсан 102 төрлийн 428500 ширхэг гарын авлагыг тарааж эмч
нар 10048 иргэнд ганцаарчилсан зөвлөгөө өгсөн байна гэж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн
бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн бодлого хариуцсан мэргэжилтэн С.Сарантуяа мэдээлэв.