Хүүхдийн марафоны эхний гараанд 200 хүүхэд гүйв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургадугаар
сарын 1 /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн
эрхийг хамгаалах өдөр ХЭҮК, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий
газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран “Хүүхдийн марафон-2024”-ыг Үндэсний
цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.
Үе тэнгийнхний дээрэлхэлт,
ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг
сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой тус марафонд
нийт 550 орчим хүүхэд бүртгүүлснээс тулгуур эрхтэн, хэл яриа, харааны бэрхшээлтэй
87 хүүхэд мөн оролцов.
Марафоныг ХЭҮК-ын дарга
Д.Сүнжид нээж, марафонд оролцож буй хүүхдүүдэд талархал илэрхийлээд хүн бүр
хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг хүлээгч юм гэдгийг онцоллоо. Тэрбээр,
“Жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдөр хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг томчууд
бидэнд сануулдаг. Нөгөө талаар хүүхэд эрхээ мэддэг болсноор өөрийнхөө эрхийг
хамгаалдаг, бусдын эрхийг зөрчдөггүй иргэн болж төлөвших суурь бүрддэг. Тиймээс
хүүхэд бүр үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсооход гар
бие оролцдог, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлдэг байгаасай. Гүйлтэд оролцогч
хүүхдүүддээ амжилт хүсье” гэлээ.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Тамгын
газрын дарга Ш.Чинбат үр хүүхдүүддээ зөв үлгэрлэж, олон нийтийн үйл
ажиллагаанд өргөнөөр оролцуулж байгаа эцэг, эхэд талархал илэрхийлээд оролцогч
хүүхдүүдэд амжилт хүслээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул хүний
хамгийн том өрсөлдөгч нь хүн өөрөө байдаг. Өөрийгөө ялсан хүн бүр ялагч болдог.
Тиймээс та нар бол бүгдээрээ ялагч юм шүү гэв.
Марафон 6-7 болон 8-9 насны хүүхдүүдийн гүйлтээр эхэлсэн
юм. Гүйлтэд оролцсон 200 шахам хүүхдэд батламж, дурсгалын зүйл гардууллаа. Марафон гүйлтийн
хуваарийг танилцуулбал:
- 12:30-13:30 цаг 10-11 насны
хүүхдийн 1 км-ийн гүйлт,
- 13:30-14:30 цаг 12-13 нас
/1км/
- 14:30-15:30 цаг 14-15 нас
/1.5км/
- 15:30-16:30 цаг 16-17 нас
/1.5км/ үргэлжилнэ.
“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2024”-ыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн байгууллага “Хүүхдийн эрх хамгаалал-Үжин төв”дэмжин ажиллаж байна.