Улиасны унгирлыг даралтат усаар шүршиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-06-12 10:58:35

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэдээлснээр, улиас модны унгирлыг багасгахаар модыг хэлбэржүүлэх, молцог баг цэцэг хяргах, тусгай тоноглол бүхий  автомашинаар хөвөн гарсан үед усаар шүрших зэрэг арга хэмжээг авч байна.


Улиас нь бургасны овогт хамаарах модлог ургамлын нэг юм. Эм улиас хавар молцоглож үрээ өгөх үед цагаан өнгийн унгирал унагадаг. Энэхүү унгирлыг багасгахаар үрлэх мөчрийг хавар задрахаас нь өмнө танаж тайрч хэлбэржүүлэх,  молцог түүх, унгирал гарсан үед шүршиж угаах, тархахаас сэргийлэх арчилгааны аргуудыг шат дараатай хэрэгжүүлж байгаа юм.


Улаанбаатар хотод 38 838 ширхэг улиас байдгаас 46,9 хувь буюу 18 232 ширхэг нь эм улиас юм. Эм улиас модны унгирлыг хязгаарлах чиглэлээр 2024 оны хавар 118 байршилд 5420 ширхэг навчит мод буюу нийт эм улиасны 50-60 хувийг хэлбэржүүлжээ.


Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд мод сөөгийг хэлбэржүүлэхээс гадна тусгай тоноглол бүхий автомашинаар зургаадугаар сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгирлыг хөвөн гарсан үед нь усаар угаах механик аргыг хэрэглэж байна. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хүртэл хувиар багасдаг байна. Мөн 9 дүүргийн 118 байршилд задарч хийсэж буй унгирлыг даралтат усаар цэвэрлэж байгаа аж.



相关新闻